Калифорни мужийн шүүх Илон Маскийн OpenAI болон тус компанийн гүйцэтгэх захирал Сэм Олтмэний эсрэг гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. Шүүхийн дүгнэлтээр Маск уг нэхэмжлэлээ хэт орой гаргасан байна.
Илон Маск OpenAI байгуулагдаад удаагүй байх үед тус байгууллагад 38 сая ам.доллар хандивлаж байжээ. Тухайн үед OpenAI ашгийн бус байгууллага байсан бөгөөд хиймэл оюуныг хүн төрөлхтний сайн сайхны төлөө хөгжүүлэх зорилготой гэж зарлаж байсан юм.
Гэвч Маск хожим OpenAI анхны зорилгоосоо хазайж, ашгийн төлөө бүтэц рүү шилжсэн гэж үзэн Сэм Олтмэн болон компанийн эсрэг шүүхэд хандсан байна. Тэрээр мөн Microsoft-ыг OpenAI-ийн ашгийн төлөө загвар руу шилжих явцыг дэмжсэн гэж буруутгажээ.
Калифорнийн шүүх Маск, Олтмэн болон технологийн салбарын бусад төлөөлөгчдийн мэдүүлгийг гурван долоо хоногийн турш сонссон байна. Харин эцсийн шийдвэрээ гаргахад ердөө хоёр цаг зарцуулжээ.
Microsoft нь OpenAI-ийн хамгийн том хөрөнгө оруулагчдын нэг тул компанийн гүйцэтгэх захирал Сатъя Наделла мөн шүүхэд мэдүүлэг өгсөн байна. OpenAI-ийн эсрэг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосноор Microsoft-той холбоотой нэхэмжлэл ч мөн хэрэгсэхгүй болжээ.
Microsoft-ын хэвлэлийн төлөөлөгч:
“Энэ хэргийн баримтууд болон цаг хугацаа анхнаасаа ийм шийдвэрт хүргэх нь тодорхой байсан”
хэмээн мэдэгдсэн байна.
Маск шийдвэрийг давж заалдахаа мэдэгдэв
Илон Маск шүүхийн шийдвэрийг эрс шүүмжилж, давж заалдахаа мэдэгджээ. Тэрээр уг шийдвэрийг:
“Хэрвээ хэсэг хугацаанд хулгай луйвраа мэдэгдэхгүй нууж чадвал буяны байгууллагуудыг дээрэмдэж болох арга замыг бий болголоо”
хэмээн тодорхойлсон байна.
Сэм Олтмэн шүүхэд мэдүүлэхдээ Маск анхнаасаа OpenAI-г ашгийн төлөө бизнес болгохыг эсэргүүцээгүй, харин байгууллагын хяналтыг өөртөө авахыг удаан хугацаанд оролдож байсан гэж ярьжээ.
Маск, Олтмэн нар 2015 онд OpenAI-г хамтран байгуулсан ч Маск 2018 онд байгууллагаас гарсан. Тухайн үед бусад хамтрагчид нь түүний хяналтын давуу эрхтэй болох оролдлогыг дэмжээгүй гэж мэдээлэгддэг.
ChatGPT асар амжилттай болж, Сэм Олтмэний нэр хүнд өсөхийн хэрээр Илон Маск OpenAI болон Олтмэнийг олон нийтэд илүү ширүүн шүүмжилж эхэлсэн юм.
Ажиглагчдын үзэж буйгаар Маск дээд шатны шүүхэд давж заалдсан ч Калифорнийн шүүхийн энэ шийдвэрийг өөрчлөх магадлал бага байна.