Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал албан ёсоор өндөрлөлөө.
Төрийн тэргүүнийг Астана хотын Нурсултан Назарбаевын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудлаас Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад хэргийн сайд Е.Кошербаев, мөн Монгол Улсаас Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Батжаргал нар үдэн мордуулсан байна.
Стратегийн түншлэлийг эдийн засгийн агуулгаар тэлэхэд гол анхаарал хандуулав
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстаны Ерөнхийлөгч К.Токаевтай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцааг худалдаа, эдийн засгийн бодит агуулгаар улам баяжуулах, мөн бүс нутаг болон олон улсын түвшний хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцжээ.
Талууд харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бүх чиглэлээр тэлэн хөгжүүлэхээ нотолж, худалдаа, эдийн засаг, банк, санхүү, эрчим хүч, хот байгуулалт, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, эрдэс баялаг, хүмүүнлэг, хэвлэл мэдээлэл, орон нутгийн хамтын ажиллагаа зэрэг олон салбарыг хамарсан 18 баримт бичигт гарын үсэг зурсан байна.
Мөн “Монгол Улс болон Евроазийн эдийн засгийн холбоо хоорондын чөлөөт худалдааны түр хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх хамтарсан Замын зураглал боловсруулахаар тохиролцжээ. Үүнээс гадна хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болохуйц томоохон төсөл, хөтөлбөрүүдийг цаашид хэрэгжүүлэхээр болсон байна.
Айлчлалын чухал үр дүнгийн нэг нь агаарын тээврийн шинэ тохиролцоо байв. Тодруулбал, ирэх зургаадугаар сараас Казахстаны “Скат” агаарын тээврийн компани Улаанбаатар-Астана чиглэлд шууд нислэг үйлдэж эхлэхээр болжээ. Мөн Баян-Өлгий-Өскемен чиглэлийн шууд нислэгийг сэргээж, Баян-Өлгий аймагт Казахстаны Консулын газар байгуулахаар талууд харилцан тохиролцсон байна.
Түүнчлэн зам, тээврийн салбарт тулгамдаж буй саад бэрхшээлийг шийдвэрлэх, тээвэр, логистикийн илүү дөт маршрутыг бий болгох чиглэлээр хамтарсан Ажлын хэсэг байгуулахаар болжээ. Үүнээс гадна мэдээллийн технологи, уул уурхай, эрүүл мэнд, биеийн тамир, спортын салбарт хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тогтсон байна.
Хоёр улсын худалдааны бүтэц, бараа бүтээгдэхүүний урсгалыг өргөжүүлэх хүрээнд Монголоос ноос, ноолуур, арьс шир, мах, махан бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, Казахстанаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, улаан буудайн нийлүүлэлтийг өсгөхөөр ярилцжээ.
Соёл, боловсрол, бүс нутгийн хамтын ажиллагаанд шинэ гарц нээгдэв
Айлчлалын үеэр Хархорум хот, Налайх дүүрэг болон Казахстаны Алатау, Талдык-орган хотуудын хооронд ах, дүүгийн харилцаа тогтоосон байна. Мөн монгол, казах судлалыг хөгжүүлэх, хоёр орны хэл, соёл, орон судлалын чиглэлийн багш, судлаачдыг бэлтгэх хамтын ажиллагааг илүү идэвхжүүлэхээр тохиролцжээ.
Казахстаны тал Монголын оюутан, залуусыг өөрийн их, дээд сургуулиудад суралцахад бүрэн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсний зэрэгцээ Монгол Улсад Казахстаны их сургуулийн салбар нээх санал тавьсан байна.
Түүх, соёлын үнэт өвтэй холбоотой эх сурвалж, баримт дурсгалыг хамтран судлах, соёлын биет бус өвийн чиглэлээр хамтарсан судалгаа хийхээр болсон нь айлчлалын бас нэг онцлох үр дүн болжээ. Мөн “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль болон Казахстаны “Нүүдэлчний соёлын наадам”-д хоёр тал цаашид ч төлөөлөгчдөө тогтмол оролцуулахаар болсон байна.
Бизнес форумын үеэр 20 гаруй сая ам.долларын үнийн дүнтэй гэрээ, хэлцлүүд хийгдсэн бол соёлын арга хэмжээний хүрээнд Үндэсний урлагийн их театр, Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид “Монголын сайхан орон” тоглолтоо толилуулжээ. Үүний зэрэгцээ “Монголын сайхан орон” гэрэл зургийн үзэсгэлэн болон морин хуурын үзэсгэлэнг мөн гаргасан байна.
Айлчлалын хүрээнд байгаль орчин, олон улсын хамтын ажиллагааны асуудлууд ч хөндөгджээ. Монголын тал наймдугаар сард болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын оролцогч Талуудын 17 дугаар бага хуралд Казахстаныг оролцохыг урьсан байна. Мөн “Усны олон улсын байгууллага” байгуулах тухай Казахстаны санаачилгыг Монгол Улс дэмжихээ илэрхийлжээ.
Үүнээс гадна Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Казахстаны Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Хоёр тэрбум мод” төсөлтэй уялдуулан хэрэгжүүлэхээр болсон байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцож, энэ чиглэлээр Монгол Улсын байр суурийг илэрхийлжээ.
Цаашид Төв Азийн орнуудын “С5+1” форматыг ашиглан Монголын оролцоог хангасан дээд, өндөр түвшний уулзалтыг хамтран зохион байгуулахаар ярилцсан байна. Казахстаны тал Улаанбаатар хотод төвтэй Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг бүх талаар дэмжихээ мөн илэрхийлжээ. Түүнчлэн НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд харилцан дэмжлэг үзүүлж ажиллахаа талууд нотолсон байна.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын мэдээлснээр, хоёр улсын төрийн тэргүүн нар хоёр жил хүрэхгүй хугацаанд харилцан айлчилсан нь Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэл бодитой байгааг харуулсан онцгой үйл явдал болжээ.