Жүжигчин Ким Су Хёны нэр холбогдсон, талийгаач жүжигчин Ким Сэ Ронтой холбоотой дуулиант хэрэг шинэ шатанд орлоо. Түүнийг Ким Сэ Роныг насанд хүрээгүй байх үед нь үерхэж байсан гэх мэдээлэл олон нийтийн дунд хүчтэй тархаж, жүжигчний нэр хүндэд ноцтой нөлөөлсөн билээ. Харин одоо уг мэдээллийг тараасан “Garosero Research Institute” YouTube сувгийн блогчин Ким Се Ыйг Сөүл хотын шүүхээс баривчилсан байна.
Шүүх түүнийг хэргийн баримт устгах болон оргон зайлах эрсдэлтэй гэж үзжээ. Ким Се Ый нь Ким Су Хёны талаар удаа дараа хуурамч мэдээлэл тарааж, санаатайгаар гүтгэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгагдаж байгаа юм.
Gold Medalist агентлаг албан ёсны мэдэгдэл гаргав
Ким Су Хёны харьяалагддаг “Gold Medalist” агентлаг уг үйл явдлын дараа албан ёсны байр сууриа илэрхийллээ. Агентлагийн мэдээлснээр, Ким Су Хён болон компанийн зүгээс гаргасан гомдлын дагуу явуулсан мөрдөн шалгах ажиллагаагаар Ким Се Ыйгийн олон нийтэд дэлгэсэн гэх баримтууд худал болох нь тогтоогдсон байна.
Мэдэгдэлд “Ким Су Хён болон манай компаниас гаргасан гомдлын дагуу хийсэн мөрдлөгөөр Ким Се Ыйгийн гаргасан олон баримт, мэдээлэл худлаа болохыг Цагдаагийн газраас тогтоолоо. Хэвлэлийн бага хурал дээр түүний гаргаж ирсэн “KakaoTalk” дээрх захидал өөр хүнтэй харилцсан бичиг болж таарлаа. Харин талийгаач эмэгтэйн аудио бичлэг нь хиймэл оюун ашиглаж хийсэн хуурамч зүйл байжээ. Шүүх энэ бүх хэргийг ноцтой зүйл гэж үзсэн тул түүнийг баривчиллаа. Бид шүү, Цагдаагийн газарт баярласнаа илэрхийлж байна. Ким Су Хён өнгөрсөн жилийн хэвлэлийн хурал дээр “Би надад итгээч гэж гуйхгүй. Би зөв гэдгээ баталж харуулна” гэж хэлж байсан. Сүүлийн нэг жилийг тэр буруугүй гэдгээ батлах гэж хичээж, зүтгэж өнгөрөөлөө. Үнэн яллаа. Түүнд үнэнч байсан бүх хүнд баярлалаа” гэж бичсэн байлаа.
KakaoTalk болон аудио бичлэг хуурамч байсан гэж мэдэгдэв
Агентлагийн тайлбарласнаар, өмнө нь олон нийтэд “нотлох баримт” хэмээн танилцуулсан KakaoTalk-ийн захидлууд нь Ким Су Хёнтой холбоотой бус, харин өөр этгээдүүдийн харилцан яриа байсан гэж мөрдөн шалгах байгууллага тогтоосон байна.
Мөн талийгаач жүжигчинтэй холбоотой гэж тараагдсан аудио бичлэгийг хиймэл оюун ашиглан бүтээсэн хуурамч материал байсан гэж агентлаг мэдэгджээ. Энэ нь сүүлийн нэг жилийн турш Ким Су Хёны эсрэг өрнөсөн олон нийтийн шүүмжлэл, сэжиг таамгийг өөр өнцгөөс харахад хүргэж байна.
Ким Су Хён “нотолж харуулна” гэж амлаж байсан
Ким Су Хён өмнөх хэвлэлийн хурлын үеэр өөрийгөө олон нийтэд хүчээр итгүүлэхийг хүсэхгүй, харин хуулийн дагуу үнэнээ нотолно гэдгээ мэдэгдэж байсан. Агентлагийн зүгээс жүжигчин сүүлийн нэг жилийн хугацаанд зөвхөн энэ амлалтаа биелүүлэхийн төлөө хичээж ирсэн гэж онцолжээ.
Ким Се Ый баривчлагдсанаар хэрэг Ким Су Хёны талд эргэж байгаа ч олон нийтийн итгэлийг бүрэн сэргээхэд хугацаа шаардлагатай хэвээр байна.
Эргэн ирэлтэд хугацаа хэрэгтэй байж магадгүй
Хууль, мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Ким Су Хёны эсрэг гарсан зарим баримт хуурамч байсан гэх мэдээлэл ил болсон ч энэ дуулиан түүний карьер, олон нийтийн дүр төрхөд томоохон нөлөө үзүүлсэн. Тиймээс жүжигчин урлагийн тайзнаа бүрэн эргэн ирэхэд цаг хугацаа хэрэгтэй гэж үзэх хүмүүс олон байна.
Одоогоор Ким Су Хёны цаашдын уран бүтээлийн төлөвлөгөө болон албан ёсны эргэн ирэлтийн хугацаа тодорхойгүй байна. Гэвч түүний агентлагийн мэдэгдэл, Ким Се Ыйгийн баривчилгаа нь энэ дуулиант хэргийн явцыг эрс өөрчилсөн үйл явдал боллоо.