Өмнөд Солонгосын жүжигчин Ким Ү Бин, Шин Мин А нарын хандив, өргийн нийт дүн 5 тэрбум вон (3,7 сая ам.доллар орчим) болсон гэж тэдний оролцсон телевизийн нэвтрүүлгийн хөтлөгч мэдэгдэв.
Тэд tvN сувгийн “You Quiz on the Block” нэвтрүүлэгт оролцжээ. Хөтлөгч Ю Жэ Сок нэвтрүүлгийн үеэр “Та хоёрын хандив, өргөл нийлээд 5 тэрбум вон (3,7 сая ам.доллар орчим) боллоо. Ийм сайхан үйлсийнхээ талаар ярьж байх ёстой биш үү” гэж хэлсэн байна.
Ким Ү Бин, Шин Мин А нар үүнд “Хандивт мөнгөний хэмжээ гол биш, үнэн сэтгэл, тогтмол өргөж байгаа эсэх чухал” гэж хариулсан байна.
Шин Мин А “Сайн үйлсийг чимээгүй, хүнд зарлалгүй хийх ёстой гэж би боддог. Би жил бүр хандив өргөж, хүмүүст туслахыг хичээдэг. Миний хандив юунд зарцуулагдсан, хэнд тус болсон талаар захидал ирнэ. Хэн нэгэнд тус болж, ямар нэг зүйлд хэрэг болсноо мэдэхэд сайхан байдаг. Олны танил хүмүүс бусдад тус болж байх ёстой гэж би үздэг” гэж ярьжээ.
Шин Мин А бага орлоготой гэр бүл болон байгалийн гамшигт өртсөн хүмүүст хандив өргөдөг. Өнгөрсөн жил Шин Мин А, Ким Ү Бин нар хуримын ёслолынхоо үеэр 300 сая воны хандив өргөж байжээ.