“Meta” компани өнгөрсөн сард ажилтнуудынхаа компьютер дээрх гарын товшилт, хулганын хөдөлгөөнийг бүртгэн хянаж, дата мэдээлэл цуглуулахаар болсон тухай мэдэгдсэн байна. Тус компанийн тайлбарласнаар, энэ мэдээллийг бие даан ажил гүйцэтгэх чадвартай хиймэл оюун ухаан хөгжүүлэхэд ашиглах аж.
Дэлгэцийн зураг ч цуглуулж байгаа нь ажилчдын дургүйцлийг төрүүлэв
“Meta” уг шийдвэрээ ажилчдадаа танилцуулахдаа хиймэл оюун ухааны хөгжүүлэлтэд хувь нэмрээ оруулах боломж хэмээн тайлбарласан байна. Гэвч зөвхөн гарын товшилт, хулганын хөдөлгөөнөөр хязгаарлагдахгүй, ажилчдын дэлгэцийн зургийг мөн авч байгаа нь анхаарал татжээ.
Үүнийг эсэргүүцсэн ажилтнууд АНУ дахь “Meta”-гийн хэд хэдэн оффист эсэргүүцлийн агуулгатай хуудаснууд байрлуулсан байна. Оффисын өөр өөр хэсэгт наасан тэдгээр хуудсаар дамжуулан ажилчдыг цахим хөдөлгөөнд нэгдэж, гарын үсгээ зурахыг уриалжээ.
Цомхотголын дараахан эсэргүүцэл өрнөжээ
Эсэргүүцлийн хуудаснууд оффист гарч эхлэхээс долоо хоногийн өмнө “Meta” компани нийт ажиллах хүчнийхээ 10 хувийг цомхотгохоор болсноо мэдэгдсэн юм.
Ажилчдын эсэргүүцэлтэй холбоотойгоор “Meta” өмнө гаргасан байр сууриа дахин дурдсан байна. Тус компанийн мэдэгдэлд: “Компьютер ашиглан өдөр тутмын ажлуудыг гүйцэтгэхэд нь туслах хиймэл оюун ухаантай агентууд бүтээх бол бодит жишээний дата хэрэгтэй. Хулганын хөдөлгөөн, гарын товшилтын мэдээлэл шаардлагатай” гэсэн байна.