АНУ-ын Нью-Мексико мужийн шүүгч Meta компанид хэрэглэгчдийн хувийн мэдээлэлтэй холбоотой хэрэгт ногдуулсан 25 тэрбум ам.долларын торгуулийг төлөхийг албан ёсоор үүрэг болгожээ.
Гурван долоо хоногийн өмнө болсон шүүх хурлаар тангарагтны бүрэлдэхүүн Meta-г Facebook хэрэглэгчдийн хувийн мэдээлэл хэрхэн ашиглагддаг талаар төөрөгдүүлсэн гэж үзсэн байна. Үүний дараа Нью-Мексико мужийн шүүгч Фрэнсис Мэтью компанид 25 тэрбум ам.долларын торгууль ногдуулжээ.
Мужийн хуулийн хүрээнд Meta-д оногдуулах боломжтой торгуулийн дээд хэмжээ ойролцоогоор 219 тэрбум ам.доллар хүрч болох байсан ч шүүгч эцсийн дүнг 25 тэрбум ам.доллар болгож бууруулсан байна.
Харин аравдугаар сарын 21-нд шүүгч Мэтью дахин тушаал гаргаж, компанид уг төлбөрийг барагдуулахыг үүрэг болгожээ.
Тэр шийдвэртээ Meta-гийн зөрчил нь нэг удаагийн үйлдэл бус, Facebook-ээр дамжин олон жилийн турш олон нийтэд чиглэсэн системтэй үйл ажиллагааны шинжтэй байсан гэж дүгнэсэн байна.
Meta шийдвэрийг давж заалдахаар болжээ
Meta уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд давж заалдах шатны шүүхэд маргахаар төлөвлөж байна.
Компанийн хууль эрх зүйн асуудал хариуцсан захирал С.Ж Махони давж заалдах шатанд Meta ялна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Тэрбээр:
“Энэхүү шийдвэр болон ерөнхий прокурорын хууль сахиулж буй арга барил нь Нью-Мексико мужид бизнес эрхлэх боломжийг бараг үгүй хийж байна. Уг шүүхийн нэхэмжлэл хүмүүс цахим орчинд юу хэлж болох тал дээр шинэ дүрэм тогтоохын тулд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд татвар ногдуулахыг зорьж байна”
гэж мэдэгдсэн байна.
Ингэснээр Meta-гийн эсрэг гарсан 25 тэрбум ам.долларын шийдвэр хэрэгжих шатандаа орсон ч компани давж заалдах ажиллагаа эхлүүлэх тул маргаан эцэслэн дуусаагүй хэвээр байна.
Хэрэв торгуулийн хэмжээ давж заалдах шатанд хэвээр үлдвэл энэ нь Meta-д ногдуулсан хамгийн өндөр дүнтэй шүүхийн төлбөрүүдийн нэг болох юм.