МИАТ-д шагналын хур буулаа: 70 жилийн ойн өмнө түүхэн үнэлгээ хүртэв

Монгол Улсад нисэх хүчин үүсэн байгуулагдсан түүхт өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойг угтаж, иргэний нисэхийн салбарын төлөөлөлтэй уулзаж, тус компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Сүхбаатарын одонт МИАТ ТӨХК-ийн ажилтан, алба хаагчдын олон жилийн хөдөлмөр, ажлын амжилт, улс орны хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлэн төрийн дээд одон медалиар шагнасан юм.

МИАТ-аас гурван гавьяат төрлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 77 дугаар зарлигаар МИАТ ТӨХК-ийг Сүхбаатарын одонгоор шагнасан бол 78 дугаар зарлигаар тус компанийн нэр бүхий ажилтнуудад төрийн дээд цол, одон медаль хүртээлээ.

Эх орныхоо хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан МИАТ ТӨХК-ийн “Бойнг 737 ЭНЖИ/МАКС” агаарын хөлгийн дарга, багш нисгэгч Чимэддоржийн Нямсайхан, Иргэний нисэхийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн байцаагч, “Бойнг 737-800” агаарын хөлгийн дарга, багш нисгэгч Цэнд-Аюушийн Ганбаатар нарт Монгол Улсын Гавьяат нисгэгч цол олголоо.

Мөн Аюулгүй байдал, чанар, аюулгүй хамгаалалтын албаны аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ахлах байцаагч Долгорсүрэнгийн Энхцэцэгт Үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртээв.

Эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, хамт олноо манлайлсан Нислэг үйлдвэрлэлийн зохицуулалт, инженерингийн хэлтсийн агаарын хөлгийн диспетчер Вандансэнгийн Мэндбаяр, Газрын үйл ажиллагааны хэлтсийн талбайн үйл ажиллагаа, хяналт хариуцсан тасгийн дарга Цэрэнбатын Хамт-Олон нарыг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагналаа.

Хууль эрх зүйн тасгийн ахлах мэргэжилтэн Жадамбаагийн Чулуунаа, Зорчигч, үйлчилгээний хэлтсийн ээлжийн ахлагч Балгансүрэнгийн Энхбаяр, Мэдээллийн технологи хөгжүүлэлтийн хэлтсийн програм хангамж, систем хариуцсан ахлах инженер Миймаагийн Даваа нарыг “Алтан гадас” одонгоор шагнав.

Түүнчлэн Бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн бүхээгийн ахлах ажилтан Баттүвшингийн Мөнхжаргал, Агаарын хөлгийн техникийн үйлчилгээний хэлтсийн агаарын хөлгийн хяналт хариуцсан ахлах инженер Амарсанаагийн Ганбаатар нарыг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар тус тус шагналаа.

Гавьяат нисгэгч Ц.Ганбаатарын 34 жилийн хөдөлмөр

Монгол Улсын гавьяат нисгэгч Ц.Ганбаатар нь 1977-1987 онд Улаанбаатар хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийн тооны гүнзгийрүүлсэн ангид суралцаж, 1987 онд ЗХУ-ын Иркутск хотод хэлний бэлтгэлд хамрагдсан байна.

Тэрбээр 1988-1992 онд ЗХУ-ын Кировоград хотын ИАТ-ийн академийг инженер-нисгэгч мэргэжлээр төгсөж, 1992-1995 онд ИАТУЕГ-ын харьяа Тээврийн эскадрильд АН-24, АН-26 агаарын хөлгийн хоёрдугаар нисгэгчээр ажиллажээ.

1995-1998 онд ИАТУЕГ-ын харьяа Нислэгийн албанд хөлгийн даргаар, 1998-2001 онд МИАТ ТӨХК-ийн Нислэгийн албанд Б727-200 агаарын хөлгийн хоёрдугаар нисгэгч, Б727-200 агаарын хөлгийн даргаар ажилласан байна.

2001-2004 онд МИАТ ТӨХК-ийн Нислэгийн албанд Б737-800 агаарын хөлгийн дарга, багш нисгэгч, ИНЕГ-ын итгэмжлэгдсэн байцаагч-нисгэгчээр ажилласан бол 2010-2011 онд Сургалт, хөгжлийн хэлтсийн даргаар ажиллажээ.

2011 оноос өнөөдрийг хүртэл МИАТ компанийн Нислэгийн хэлтэст Б767-300 агаарын хөлгийн дарга, багш нисгэгчээр ажиллаж байна. Мөн 2022 онд Б757-200 ачааны карго онгоцны дарга, багш нисгэгчээр ажиллахын зэрэгцээ Иргэний нисэхийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн байцаагч нисгэгчээр дэвшин, тогтвортой ажиллаж иржээ.

Ц.Ганбаатар нь нисэх бүрэлдэхүүний ур чадвар, нислэгийн шалгалт, стандартын хэрэгжилт, нислэгийн аюулгүй ажиллагааны хяналт, үнэлгээг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж ирсэн байна. Түүний хариуцдаг чиг үүрэг нь дүрэм журам, хяналт шалгалтын мэдлэг, шударга үнэлгээ, өндөр хариуцлага шаарддаг онцгой ажил юм.

Иргэний нисэхийн салбарт 34 жил ажиллахдаа тэрбээр АН-24, АН-26, Б727-200, Б737-800, Б757-200, Б767-300 агаарын хөлгүүд дээр нийт 23 мянга гаруй цаг ниссэн байна. Үүнээс агаарын хөлгийн дарга, багш нисгэгчээр 19970 гаруй цаг нисэж, шинэ залуу үеийг сурган хүмүүжүүлж, 70 шахам шавь бэлтгэжээ.

Нислэгийн ямар нэгэн зөрчил, дутагдалгүйгээр олон жил ажиллаж, хөдөлмөрчин олон түмэндээ үйлчилж ирсэн нь түүний мэргэжлийн бахархал, салбарын үнэт амжилт болж байна.

Гавьяат нисгэгч Ч.Нямсайханы онцгой замнал

Монгол Улсын гавьяат нисгэгч Ч.Нямсайхан нь иргэний агаарын тээврийн байгууллага болон улсдаа 37 жил ажиллаж байна. Тэрбээр энэ хугацаанд залуу нисгэгчдэд мэргэжлийн өндөр ур чадвар эзэмшүүлэх, сэтгэл зүйн бат найдвартай бэлтгэл хангах, нислэгийн багийн хамтын ажиллагааг төлөвшүүлэхэд онцгой анхаарч иржээ.

Ч.Нямсайхан нь 1997 оноос төр, засгийн удирдагчид болон гадаад орны зочин төлөөлөгчдийн тусгай үүргийн нислэгийг амжилттай гүйцэтгэж, Б737-800 агаарын хөлгийн даргаар идэвх зүтгэлтэй ажиллаж ирсэн байна.

Тэрбээр МИАТ ТӨХК-д олон жил ажиллахдаа нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг ханган нийт 21700 цаг агаарт нисжээ. Энэ хугацаанд ямар нэгэн зөрчил, дутагдалгүй ажиллаж, зорчигч олон нийтэд найдвартай үйлчилсэн байна.

2016-2025 оны хооронд нийт 70 шавь бэлтгэсний дотор 20 агаарын хөлгийн дарга, 50 хамтран нисгэгчийг үйлдвэрлэлийн нислэгт гаргажээ. Мөн IOSA олон улсын аюулгүй байдлын аудитын хоёр удаагийн шалгалтыг амжилттай давсан нь түүний мэргэжлийн туршлага, ур чадварыг илтгэж байна.

Үйлчилгээний гавьяат ажилтан Д.Энхцэцэгийн үнэт хувь нэмэр

Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан цол тэмдгээр шагнуулсан Д.Энхцэцэг нь 1987 онд Зөвлөлт Холбоот Улсын Ленинград хотын Нисэхийн дунд сургуулийг иргэний агаарын тээвэр зохион байгуулалт, бүхээгийн ажилтны мэргэжлээр төгссөн байна.

Тэрбээр хөдөлмөрийн гараагаа “МИАТ” нэгтгэлд бүхээгийн ажилтан, бүртгэгч диспетчер, бүхээгийн сургагч багш зэрэг албан тушаалаар эхлүүлжээ. Ажиллах хугацаандаа АН-24, ТУ-154, Boeing 727, Boeing 737, Boeing 767 болон Airbus А310 маркийн агаарын хөлгүүдээр нийт 25 жил нисэж, 20000 цагийн нислэг үйлдсэн байна.

Д.Энхцэцэг нь Монгол Улсад нислэгийн үеийн зорчигчийн үйлчилгээг шинэ шатанд гаргах зорилго тавин ажиллаж иржээ. Түүний томоохон амжилтын нэг нь олон улсын жишиг үйлчилгээний стандартыг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх ажилд баг хамт олноо удирдан манлайлж, эх орондоо нислэгийн үеийн зорчигчийн үйлчилгээний олон улсын стандартыг нутагшуулсан явдал юм.

Тэрбээр нислэгийн үеийн зорчигчдын бүхээгийн аюулгүй байдал, аюулгүй хамгаалалт, үйлчилгээний стандартын чанарыг сайжруулах төсөл, хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлсээр байна.

Мөн олон мянган бүхээгийн үйлчилгээний ажилтныг сурган бэлтгэж, олон улсын жишигт нийцсэн үйлчилгээний стандартыг эзэмшүүлэн, иргэний агаарын тээврийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэхэд мэдлэг, ур чадвар, туршлагаа зориулсаар иржээ.

Түүний сургаж, бэлтгэсэн шавь нар Монголын томоохон агаарын тээврийн компаниуд болох “МИАТ” ТӨХК, “ИЗНИС” ХХК, “ХҮННҮ ЭЙР” ХХК, “АЭРОМОНГОЛИА” ХХК, “ЧИНГИС ЭЙРЛАЙНС”, “ЮНИТИ” зэрэг байгууллагад ажиллаж байна. Мөн Ойрх Дорнод, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээврийн компаниудад бүхээгийн ажилтнаар амжилттай ажиллаж буй шавь нар ч бий.

МИАТ ТӨХК Сүхбаатарын одон хүртлээ

Монголын иргэний агаарын тээврийн салбарт 70 жилийн түүх бүтээсэн МИАТ ТӨХК-ийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар Сүхбаатарын одонгоор шагнан алдаршууллаа.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, МИАТ компанийн гүйцэтгэх захирал Т.Тэлмэн тэргүүтэй салбарын төлөөлөл, ажилтан алба хаагчид Ерөнхийлөгчийн зарлигийг тосон авч, төрийн шагналыг гүн хүндэтгэлтэйгээр хүлээн авсан юм.

МИАТ ТӨХК нь Монгол Улсын хөгжил дэвшлийн онцгой цаг үеүүдэд, мөн эдийн засгаа бэхжүүлэх сорилтын жилүүдэд улс орондоо чухал хувь нэмэр оруулж ирснийг Монгол Улсад нисэх хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ойн баярын өдөр, МИАТ компанийн түүхт 70 жилийн ойн босгон дээр төр, засгийн зүгээс ийнхүү үнэлж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ онцолсон байна.

Мөн цар тахлын үед гадаад улс орнуудаас иргэдээ татан авчрах ажиллагаанд, хамгийн сүүлд Ойрх Дорнодод үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор иргэдээ эх оронд нь авчрах ажилд үүрэг гүйцэтгэсэн нисэхийн салбар, МИАТ компанийн хамт олонд ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.

МИАТ-ын өнөөгийн үзүүлэлт ба салбар дахь байр суурь

МИАТ ТӨХК өнөөдрийн байдлаар агаарын 10 хөлгөөр олон улсын 14, орон нутгийн 10 чиглэлд тогтмол нислэг үйлдэж байна. Тус компани өнгөрсөн хугацаанд 25.7 сая зорчигч тээвэрлэж, дэлхийг 14 мянга гаруй буюу 14.7 мянган удаа тойрох хэмжээний зам туулжээ.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тус компанийн хамт олонд баярын мэндчилгээ дэвшүүлж, салбарын хөгжил, ололт амжилт, цаашдын зорилтын талаар байр сууриа илэрхийлэхдээ “МИАТ ТӨХК нь 70 жилийн түүхэндээ 516 мянган удаагийн нислэгээр 26 сая зорчигч тээвэрлэсэн. Өнгөрсөн онд гэхэд л 2.4 сая гаруй зорчигч, үүнээс олон улсын чиглэлд хоёр сая, орон нутгийн чиглэлд 450 мянган зорчигч тээвэрлэжээ. Энэ нь 2024 онтой харьцуулахад 13 хувиар, цар тахлын өмнөх үетэй харьцуулахад 51 хувиар өссөн үзүүлэлт юм” хэмээн тэмдэглэв.

Мөн тэрбээр мөнгөн цагаан хөлгийн жигүүр ямагт өөдөө дэлгэрч, аялах тэнгэр нь цэлмэг, буулт бүхэн нь амжилт, бахархал дагуулж байх болтугай хэмээн ерөөл дэвшүүллээ.

МИАТ ТӨХК нь зорчигч тээвэрлэлтээс гадна ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж, дотоод болон олон улсын худалдаа, логистикийн урсгалыг дэмжин ажилладаг. Мөн аялал жуулчлал, эдийн засгийн гадаад харилцаа, худалдааны сүлжээний хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байна.

Тус компани нисэхийн аюулгүй байдлын үзүүлэлтээрээ дэлхийн болон Ази, Номхон далайн бүсийн орнуудын дундаж үнэлгээнээс дээгүүр үнэлгээ авсан байна. Мөн төрийн өмчит компаниудын хэмжээнд алдагдалгүй ажилладаг таван компанийн нэг бөгөөд сүүлийн 16 жилийн турш “ТОП 100” аж ахуйн нэгжээр шалгарсан амжилтаар 70 жилийн ойгоо угтаж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу