Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ арваннэгдүгээр сарын 25-нд «Өгэдэй хаан» нэртэй Boeing 737 MAX 8 онгоцоо хүлээн авахаар болжээ. Энэ нь тус компанийн хоёр дахь ийм загварын хөлөг бөгөөд бүс нутгийн нислэгийн өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангахад ашиглах юм.
Шинэ онгоц өмнөх үеийн 737NG загвартай харьцуулахад түлш, техникийн үйлчилгээний зардал багатай аж. Үүний дүнд жилд ойролцоогоор нэг сая ам.доллар хэмнэх боломжтой гэж мэдээлжээ.
Түлшний зарцуулалт багатай, 6570 км хүртэл ниснэ
Boeing 737 MAX 8 нь өмнөх үеийн загваруудаас түлшний хэрэглээгээр ойролцоогоор 14–20 хувийн хэмнэлттэй бөгөөд ашиглалтын дуу чимээг бууруулсан байна.
Хөлгийн үндсэн үзүүлэлтүүд:
- Зорчигчийн багтаамж: Бизнес, энгийн гэсэн хоёр ангилалтай үед 162–178, хамгийн ихдээ 210 зорчигч.
- Нисэх зай: Зогсолтгүйгээр 6570 км буюу 3550 далайн миль.
- Хөдөлгүүр: CFM International-ийн LEAP-1B загварын хоёр тийрэлтэт хөдөлгүүртэй. Дуу чимээг 40 хүртэл хувиар бууруулсан гэжээ.
- Дундаж хурд: Цагт 839 км.
- Нислэгийн дээд өндөр: 12,500 метр буюу 41,000 фут.
- Их биеийн урт: 39.52 метр.
- Далавчны дэлгэмэл урт: 35.9 метр.
- Хөөрөх дээд жин: 82.19 тонн.
Нислэгийн зай нь Улаанбаатараас Зүүн Өмнөд Ази болон Европын зарим чиглэлд шууд нислэг үйлдэх боломж бүрдүүлэх аж.
Мөн Boeing Sky Interior дотоод засалтай бөгөөд том цонх, гар тээшний багтаамж сайтай тавиур, нүдэнд зөөлөн LED гэрэлтүүлгийг давуу тал болгон дурдсан байна.
Агаарын хөлгийн тоо 11-д хүрнэ
Шинэ онгоцыг хүлээн авснаар МИАТ түүхэндээ хамгийн олон буюу 11 тийрэлтэт хөдөлгүүртэй хөлгөөр үйл ажиллагаа явуулахаар болжээ. Компанийн флотод дараах онгоцууд багтаж байна:
- 70 суудалтай CRJ700 — хоёр;
- 174 болон 162 суудалтай Boeing 737-800 — гурав;
- 162 болон 168 суудалтай Boeing 737 MAX 8 — хоёр;
- 252 суудалтай Boeing 767-300 — нэг;
- 292 суудалтай Boeing 787-9 — хоёр;
- Ачаа тээврийн Boeing 757-200F — нэг.
Компанийн зүгээс энэхүү шинэчлэлийг зөвхөн онгоцны тоог өсгөсөн үйл явдал бус, нислэгийн сүлжээ, зорчигч тээвэрлэх хүчин чадал, үйлчилгээний хүртээмж болон өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх алхам хэмээн онцолжээ.
Boeing-той 30 гаруй жил хамтран ажиллаж байна
Америкийн Boeing компани МИАТ-тай 1992 оноос хойш тогтвортой хамтын ажиллагаатай байгаа юм.
Тус үйлдвэрлэгч Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар болон МИАТ-д мэргэжлийн дэмжлэг үзүүлж, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.