Beijing Unicare эмнэлэгтэй хамтран ажиллана
Монгол Улсын төрийн далбааг тээгч, үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл мэндийг дэмжих шинэ хамтын ажиллагаа эхлүүлжээ.
Тус компани БНХАУ-ын Бээжин хотод үйл ажиллагаа явуулдаг III шатлалын “Beijing Unicare” иж бүрэн нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллахаар болсон байна.
Олон улсын стандартын эмчилгээ, оношилгоо санал болгодог
Beijing Unicare эмнэлэг нь орчин үеийн оношилгоо, эмчилгээний дэвшилтэт технологи ашигладаг бөгөөд олон улсын стандарт бүхий эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдгээрээ онцлог юм.
Тус эмнэлэгт зүрх судас, яс үе, дотор, мэс засал зэрэг олон чиглэлээр мэргэшсэн эмч, мэргэжилтнүүд ажилладаг байна.
Эмнэлгийн баг урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, эмчилгээ, нөхөн сэргээх үйлчилгээг цогцоор нь үзүүлж, өвчтөн бүрийн нөхцөлд тохирсон аюулгүй, чанартай эмчилгээний шийдэл санал болгодог аж.
МИАТ-аар зорчсон иргэд хөнгөлөлт эдэлнэ
Хамтын ажиллагааны хүрээнд МИАТ ТӨХК-аар үйлчлүүлсэн зорчигчид Beijing Unicare эмнэлгийн үйлчилгээг хөнгөлөлттэй нөхцөлөөр авах боломжтой болж байна.
Тодруулбал, иргэд МИАТ-ын нислэгээр зорчсон boarding pass буюу суух тасалбараа ашиглан тус эмнэлгийн үйлчилгээнд тодорхой хэмжээний хөнгөлөлт эдлэх боломжтой юм.
Нийгмийн хариуцлагын шинэ чиглэл
МИАТ ТӨХК өмнө нь нийгмийн хариуцлагын хүрээнд олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн. Харин энэ удаагийн хамтын ажиллагаа нь зорчигчдын эрүүл мэндийг дэмжих, гадаадад эмнэлгийн үйлчилгээ авах боломжийг илүү хүртээмжтэй болгоход чиглэж байна.