МИАТ-ын 70 жилийн түүх шуудангийн марканд мөнхөрлөө

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан “МИАТ 70” шуудангийн маркийг албан ёсоор гүйлгээнд гаргаж, өнөөдөр нээлтийн ёслолыг зохион байгууллаа.

“Монгол шуудан”-тай хамтран марк бүтээжээ

МИАТ ТӨХК түүхт ойгоо тохиолдуулан “Монгол шуудан” ХК-тай хамтран энэхүү шуудангийн маркийг хэвлүүлсэн байна.

Маркийн нээлтийн арга хэмжээнд Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай оролцож, үндэсний агаарын тээвэрлэгчийн Монгол Улсын хөгжилд оруулж ирсэн хувь нэмрийг онцолжээ.

Тэрээр “МИАТ ТӨХК нь Монгол Улсыг дэлхийн улс орнуудтай агаарын замаар холбож, эдийн засаг, худалдаа, аялал жуулчлал, соёлын харилцааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн.

Өнөөдөр анхны шуудангийн маркаа нээж байгаад түүхэн үйл явдалд гэрч болж оролцож байгаадаа баяртай байна. Хамтран ажилласан Монгол шуудан компанийнханд талархал илэрхийлье” гэв.

Boeing 787-9 Dreamliner-ийг бэлгэдэл болгон дүрсэлжээ

МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тэлмэн марканд тус компанийн өнөөгийн хөгжил, ирээдүйн чиг хандлагыг илэрхийлэх бэлгэдлийг шингээсэн талаар тайлбарласан байна.

Тэрээр “МИАТ ТӨХК-ийн албан ёсны лого болон тэнгэрт хөөрөн нисэж буй Boeing 787-9 Dreamliner агаарын хөлгийг дүрсэлсэн нь энэ хөлгөөрөө дэлхийн улс орнуудад хүрэх бэлгэдлийг илэрхийлсэн юм.

Манай компани 2023 оноос уг агаарын хөлгийг нислэгийн үйл ажиллагаандаа ашиглаж эхэлсэн нь олон улсын жишигт нийцсэн үйлчилгээ, технологийн шинэчлэл, хөгжлийн илэрхийлэл болсон юм” гэлээ.

Иргэний агаарын тээврийн 70 жилийн ойг онцлов

“Монгол шуудан” компанийн захирал Г.Тэлмэн мөн баярын мэндчилгээ дэвшүүлж, иргэний агаарын тээврийн салбарын түүхэн ач холбогдлыг дурдсан байна.

Тэрээр “Монгол Улс бие даан иргэний агаарын тээврийн салбарыг үүсгэн байгуулсан түүхт 70 жилийн ой тохиож байна. Бидний сорилт ижил бөгөөд төрийн өмнө үүрэг хүлээсэн хоёр байгууллага юм.

Миний өвөө иргэний нисэхэд ажиллаж байсан түүхтэй” хэмээн баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Филателийн үнэ цэнтэй бүтээл боллоо

“МИАТ 70” шуудангийн марк нь зөвхөн ойн бэлгэдэл төдийгүй Монгол Улсын иргэний агаарын тээврийн хөгжил, МИАТ ТӨХК-ийн 70 жилийн түүхэн замнал, улс орноо дэлхийтэй холбосон үйлсийг мөнхлөн үлдээсэн филателийн үнэ цэнтэй бүтээл болж байна.

Ийнхүү үндэсний агаарын тээвэрлэгчийн түүх, орчин үеийн нисэхийн хөгжлийг нэг дор илэрхийлсэн марк албан ёсоор гүйлгээнд гарлаа.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу