“Henley Passport Index” 2026 оны шинэчилсэн жагсаалтаа танилцуулав
“Henley & Partners” компани 2026 оны хамгийн хүчирхэг паспортын ээлжит чансааг нийтэллээ. “Henley Passport Index” нэртэй энэхүү жагсаалтыг Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA)-ны албан ёсны мэдээлэлд тулгуурлан гаргадаг. 2006 оноос эхэлсэн уг судалгаа нь дэлхийн 197 орны паспортыг 227 чиглэлд хэрхэн зорчих боломжтойгоор нь харьцуулж эрэмбэлдэгээрээ онцлог.
Монгол Улс 197 орноос 73-р байрт оржээ
Шинэ чансаагаар Монголын паспорт дэлхийд 73-р байр эзэлсэн байна. Мэдээллээр, Монгол Улсын иргэд виз бүрдүүлэхгүйгээр дэлхийн 64 улсад зорчих боломжтой гэж тус индексэд дурджээ. Энэ үзүүлэлт нь олон улсын зорчих боломжийг хэмжих гол шалгуурын нэг бөгөөд улс орнуудын визийн бодлого, харилцааны түвшинтэй шууд холбоотой тооцогддог.
Дээд хэсэгт Сингапур дахин тэргүүлэв
Паспортын хүч чадлын жагсаалтад Сингапур улс хоёр дахь жилдээ нэгдүгээрт бичигдлээ. Тус улсын иргэд 193 оронд визгүй зорчих боломжтой байна. Харин удаах байруудад 188 улсад визгүй зорчдог Япон болон Өмнөд Солонгос багтаж, Азийн орнууд дахин давамгай байр сууриа хадгаллаа.
Хамгийн доод талд Афганистан бичигдэв
Жагсаалтын сүүлд Афганистан улс орсон бөгөөд тус улсын паспорттой иргэд дөнгөж 24 улсад визгүй зорчих боломжтой гэж тэмдэглэжээ.






