“Дэлхийн адууны өдөр”-ийг санаачилсан Монгол Улс энэ сарын 10-13-ны өдрүүдэд Үндэсний их баяр наадамтай зэрэгцүүлэн тус өдрийг тэмдэглэхээр бэлтгэж байна.
50 гаруй орны төлөөлөгч Монголд ирнэ
Адууны соёл, өв уламжлал, нүүдлийн иргэншлийн үнэт өвийг олон улсад сурталчлан таниулах зорилготой эдгээр арга хэмжээнд 50 гаруй орны зочид, төлөөлөгчид Монгол Улсад хүрэлцэн ирэх юм.
Тэд Монголын адууны өв соёл, морьтны уламжлал, нүүдэлчин ахуйн онцлогийг олон улсад түгээн сурталчлах арга хэмжээнүүдэд оролцоно.
Үндсэн арга хэмжээ Хүй Долоо Худагт болно
“Дэлхийн адууны өдөр”-ийн гол арга хэмжээнүүдийг долоодугаар сарын 13-нд Улаанбаатар хотын ойролцоох Хүй Долоо Худагт зохион байгуулахаар товложээ.
Арга хэмжээний хөтөлбөр бэлэн болсон бөгөөд нээлтийн ёслолын дараа адуу, морьтны соёлтой холбоотой олон төрлийн үзүүлбэр, тэмцээн, урлаг спортын хөтөлбөрүүд үргэлжлэх юм.
Хөтөлбөрт багтсан арга хэмжээнүүд
“Дэлхийн адууны өдөр”-ийн хүрээнд дараах арга хэмжээнүүд зохион байгуулагдана.
- Олон улсын морин уралдаан
- 10,000 морьтны жагсаал
- Морьт харвааны тэмцээн
- Морин циркийн үзүүлбэрүүд
- Морьтны гайхамшиг, адууны өв соёлыг харуулсан урлаг, спортын цуврал тоглолтууд
- Монголын уламжлалт хурдан морины уралдаанууд
- Хүчит бөхийн барилдаан
Эдгээр арга хэмжээ нь Монголын морьтны соёл, адууны хэрэглээ, уламжлалт уралдаан, нүүдэлчин ахуйн онцлогийг дотоод, гадаадын үзэгчдэд нэг дор харуулах зорилготой байна.
НҮБ жил бүрийн долоодугаар сарын 11-нийг “Дэлхийн адууны өдөр” болгосон
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны зургаадугаар сарын 3-ны өдрийн Бүгд хуралдаанаар баталсан юм.
Тус тогтоолд 56 улс хамтран зохиогчоор нэгдсэн байна.
Уг баримт бичгээр хүн төрөлхтний өнгөрсөн болон өнөөгийн ахуй амьдралд адууны гүйцэтгэсэн үүрэг, хувь нэмрийг онцолж, адууны өв соёл, бэлчээрийн мал аж ахуй, нүүдлийн аж төрөх хэв маягийг хамгаалж, хадгалан үлдэхийг уриалсан.
Ингэснээр жил бүрийн долоодугаар сарын 11-ний өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон тэмдэглэж байхаар болсон юм.