Монгол Улс НҮБ-ын Ойн форумын 22, 23 дугаар чуулганыг даргалахаар сонгогдлоо. Ингэснээр манай улс тус форумыг анх удаа даргалах хүндтэй үүрэг хүлээж байна.
Нью-Йорк хотноо тавдугаар сарын 11-15-нд болсон НҮБ-ын Ойн форумын 21 дүгээр чуулганд Ойн газрын дарга Б.Оюунсанаа, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр нар оролцжээ.
Чуулганы үеэр Ойн газрын дарга Б.Оюунсанаа Монгол Улс 2026 онд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах гэж буйг танилцуулсан байна. Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, үр дүн, цаашдын зорилтын талаар мэдээлэл өгчээ.
Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр НҮБ-ын Ойн форумын 22 болон 23 дугаар чуулганыг даргалахаар сонгогдсон нь Монгол Улсын ойн салбар, цөлжилттэй тэмцэх бодлого, олон улсын оролцоонд чухал ач холбогдолтой үйл явдал болж байна.
“Тэрбум мод” хөдөлгөөнийг олон улсад таниулах боломж
Монгол Улс форумыг даргалах хугацаандаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, ойжуулалт, цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, санаачилгаа олон улсын түвшинд танилцуулах боломжтой болно.
Мөн тогтвортой ойн менежмент, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарах юм.
НҮБ-ын Ойн форум нь дэлхийн хэмжээнд ойг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой ашиглах бодлого, санхүүжилт, хамтын ажиллагааг хэлэлцдэг НҮБ-ын гол механизмын нэг юм.
Монгол Улс тус форумыг даргалах хугацаандаа ой, бэлчээр, газрын доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн харилцан хамаарлыг онцолж, олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр ажиллахаар байна.