Монголд транс тосыг хянах хууль хэрэгтэй юу: 100 мянган гарын үсэг цуглуулах ажил эхэллээ

Иргэдийн дэмжлэгээр хуулийн төсөл санаачлахыг зорьж байна

Хүний их эмч Ж.Амарсанаа үйлдвэрлэлийн транс тосны хэрэглээг бууруулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор “Транс тосны хяналтын тухай” хуулийн төслийг санаачлах санаачилга гаргажээ.

Хуулийн төсөл боловсруулах боломжийг нээхийн тулд иргэдийн цахим гарын үсгийг цуглуулж эхэлсэн байна. Уг санаачилга УИХ-ын босгыг давахын тулд нийт 100 мянган иргэний дэмжлэг шаардлагатай аж.

Транс тос яагаад анхаарал татаж байна вэ

Үйлдвэрлэлийн транс тос нь зүрх судасны өвчин, таргалалт, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг олон улсын судалгаанууд харуулдаг.

Иймээс олон улс хүнсний бүтээгдэхүүн дэх транс тосны хэмжээнд хязгаар тогтоож, хууль эрх зүйн зохицуулалтаар дамжуулан иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж байна.

Монголд ч энэ төрлийн зохицуулалт шаардлагатай гэж санаачлагчид үзэж байгаа бөгөөд хүнсний аюулгүй байдал, иргэдийн зөв сонголт, өвчнөөс урьдчилан сэргийлэх асуудлыг нэг дор шийдэх зорилготой байна.

Хуулиар юу зохицуулах вэ

“Транс тосны хяналтын тухай” хуулийн төсөл нь хүнсний бүтээгдэхүүн дэх транс тосны агууламжид хяналт тавих, бүтээгдэхүүний шошгололтыг сайжруулах, импортын зохицуулалтыг тодорхой болгох, хэрэглэгчдэд үнэн зөв мэдээлэл өгөх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чиглэх юм.

Ингэснээр иргэд ямар бүтээгдэхүүнд транс тос агуулагдаж байгааг илүү ойлгомжтой мэдэх, эрүүл мэнддээ эрсдэл багатай сонголт хийх боломжтой болно гэж үзэж байна.

Ж.Амарсанаа транс тосны талаар тайлбарлав

Хүний их эмч Ж.Амарсанаа “Ердийн ургамлын тос нь транс тос биш юм. Транс гэдэг нь химийн бүтэцтэй холбоотой үг. Энэ нь хүний биед орохоороо бодисын солилцоонд идэвхтэй оролцож чаддаггүй. Ердийн өөхний тосыг бодвол шатааж, энерги болгоход хугацаа шаардагддаг. Хүний биед хуримтлагддаг. Хуримтлагдаад эхлэхээрээ зүрх судасны болон бусад өвчнүүдийг үүсгэдэг, таргалалтыг нэмэгдүүлдэг тос юм.

Транс тосыг үүсгэхдээ ургамлын тосыг авч байгаад ус төрөгчийн молекултой баяжуулж синтетик аргаар боловсруулдаг. Гэхдээ транс тос нь байгальд огт байдаггүй зүйл биш. Ердийн өөхөн тосонд маш бага хэмжээгээр байдаг. Одоогоор гарын үсэг 7,000-д хүрсэн байна. УИХ-ын босгыг 100,000 хүрч байж давах юм.

Эрүүл мэндийн салбарын ажилтнууд, анагаахын чиглэлээр суралцагч оюутнууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болон нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулах хүсэлтэй иргэдийг сайн дурын ажилтнаар бүртгүүлж, энэхүү арга хэмжээнд нэгдэхийг хүсэж байна.

Энэ бол зөвхөн нэг эмчийн санаачилга биш. Энэ нь Монгол хүний эрүүл мэндийн төлөөх иргэдийн хөдөлгөөн байх ёстой. Бид өвчнийг эмчлэхээс илүүтэйгээр өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх шаардлагатай. Мөн иргэдийг уг санаачилгад нэгдэн, цахимаар гарын үсэг зурж дэмжихийг уриалж байна” гэлээ.

7 мянган хүн дэмжээд байна

Одоогоор энэхүү санаачилгад цахимаар гарын үсэг зурсан иргэдийн тоо 7 мянгад хүрээд байна.

Харин УИХ-аар хэлэлцүүлэх боломжтой түвшинд хүрэхийн тулд нийт 100 мянган хүний дэмжлэг шаардлагатай. Иймээс санаачлагчид иргэдийг идэвхтэй оролцож, цахимаар гарын үсэг зурж дэмжихийг уриалж байна.

Эрүүл мэндийн салбарынхан болон сайн дурынхныг нэгдэхийг хүсэв

Санаачилгын хүрээнд зөвхөн гарын үсэг цуглуулахаас гадна олон нийтэд транс тосны хор нөлөө, хүнсний шошгололт, урьдчилан сэргийлэх ач холбогдлын талаар мэдээлэл хүргэх шаардлагатай гэж үзэж байна.

Тиймээс эрүүл мэндийн ажилтнууд, анагаахын чиглэлээр суралцаж буй оюутнууд, иргэний нийгмийн байгууллагууд болон нийгмийн сайн сайхны төлөө оролцох хүсэлтэй иргэдийг сайн дурын ажилтнаар нэгдэхийг уриалжээ.

Өвчлөхөөс өмнө урьдчилан сэргийлэх хөдөлгөөн

Ж.Амарсанаагийн санаачилга нь транс тосны хэрэглээг бууруулах замаар зүрх судас, таргалалт, чихрийн шижин зэрэг өвчний эрсдэлийг багасгах зорилготой.

Энэ нь зөвхөн нэг төрлийн хүнсний орцын асуудал бус, иргэдийн эрүүл мэндийг урт хугацаанд хамгаалах, хүнсний бүтээгдэхүүний хяналтыг сайжруулах, хэрэглэгчдэд илүү тодорхой мэдээлэл өгөх бодлогын эхлэл байж болох юм.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу