НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны үндсэн зорилго нь энгийн иргэдийн амь нас, аюулгүй байдлыг хамгаалах явдал байдаг. Мөргөлдөөн, шилжилт хөдөлгөөн болон байгалийн гамшгийн улмаас хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд буй Өмнөд Судан улсын Юнити мужийн төв Бентиу хотод үүрэг гүйцэтгэж байгаа Монгол, Пакистан, Вьетнамын энхийг сахиулагчдад НҮБ-ын Хүндэт медаль гардуулжээ.
776 энхийг сахиулагчийг шагнав
Бентиу хотод ажиллах үеэрээ НҮБ-ын Өмнөд Судан дахь Энхийг сахиулах ажиллагаа буюу UNMISS-ийн Хүчний командлагч, хошууч генерал Жунхуй Ву нийт 776 энхийг сахиулагчид медаль гардуулсан байна. Тэд хүнд нөхцөлд энгийн иргэдийн амийг хамгаалж, энх тайван, тогтвортой байдлыг хангахад чухал хувь нэмэр оруулж байгаа юм.
Медаль хүртсэн энхийг сахиулагчдын 100 нь эмэгтэй алба хаагч байжээ. Энэ нь олон улсын энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчдын оролцоо, үүрэг улам нэмэгдэж байгааг харуулж байна.
Монгол дайчдын эр зоригийг онцгойлон үнэлэв
Хошууч генерал Жунхуй Ву энэ үеэр өнгөрсөн гуравдугаар сард Абиемном бүс нутагт зэвсэгт мөргөлдөөн дэгдэх үед Монголын батальоны дайчдын үзүүлсэн шуурхай ажиллагаа, эр зоригийг тусгайлан сайшаасан байна.
Монголын цэнхэр дуулгатнууд мөргөлдөөний бүсээс зугтсан энгийн иргэдийг НҮБ-ын бааз руу аюулгүй нүүлгэн шилжүүлж, тэдэнд шаардлагатай яаралтай тусламж үзүүлсэн юм. Тэдний энэ ажиллагаа нь энхийг сахиулагчдын үндсэн үүрэг болох энгийн иргэдийг хамгаалах зорилтыг бодитоор хэрэгжүүлсэн жишээ болжээ.
“Энхийг сахиулах ажиллагааны жинхэнэ бодит жишээ байлаа”
Хошууч генерал Жунхуй Ву “Та бүхэн маш идэвхтэй, үр дүнтэй арга хэмжээ авч, орон гэргүй болсон гэр бүлүүдэд яаралтай хоргодох байр бэлдэж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн. Түүнчлэн эмэгтэйчүүд, хүүхдүүд, өндөр настнуудын аюулгүй байдлыг тасралтгүй хамгаалж чадсан нь энхийг сахиулах ажиллагааны жинхэнэ бодит жишээ байлаа” гэжээ.
Үүний хариуд Монгол Улсын Зэвсэгт хүчний Мотобуудлагын батальоны захирагч, хурандаа Н.Бат-Эрдэнэ ажиллагааны орчин хүнд, бие бүрэлдэхүүний тоо цөөрсөн хэдий ч дайчид өргөсөн тангарагтаа үнэнчээр үүргээ гүйцэтгэж байгааг илэрхийлсэн байна.
Юнити мужид нөхцөл байдал хүнд хэвээр байна
Өмнөд Суданы Юнити мужид аюулгүй байдлын эрсдэл үргэлжилж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй үер усны гамшиг хүмүүнлэгийн нөхцөл байдлыг улам хүндрүүлсээр байна. Ийм нөхцөлд Монголын энхийг сахиулагчдын гүйцэтгэж буй үүрэг энгийн иргэдийн амь нас, аюулгүй байдлыг хамгаалахад онцгой ач холбогдолтой хэвээр байгаа юм.
Монголын цэнхэр дуулгатнууд олон улсын энхийг сахиулах ажиллагаанд хүнд хэцүү нөхцөлд үүргээ нэр төртэй биелүүлж, НҮБ-ын Хүндэт медалиар үнэлэгдлээ.