Монголын волейболын шигшээ баг Зүүн Азийн шилдгүүдтэй эх орондоо өрсөлдөнө

Наймдугаар сарын 5-9-нд Улаанбаатарт том тэмцээн болно

Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн 2026 оны наймдугаар сарын 5-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана.

Тус тэмцээнийг Монголын Волейболын Холбоо Зүүн Азийн Волейболын Холбооны албан ёсны эрхийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд бүс нутгийн шилдэг үндэсний шигшээ багууд Монголд цуглан аваргын төлөө өрсөлдөх юм.

Тасалбарыг www.portal.mn/events/volleyball-8-7 хаягаар авах боломжтой.

БНХАУ, Япон, БНСУ тэргүүтэй хүчирхэг багууд ирнэ

Энэ удаагийн тэмцээнд Азийн төдийгүй дэлхийн волейболын хүчирхэг төлөөлөл болсон БНХАУ, Япон, БНСУ-ын шигшээ багууд оролцоно.

Мөн Монгол, Тайвань, Хонконг, Макаогийн үндэсний шигшээ багууд Зүүн Азийн аваргын төлөө талбайд гарна. Ингэснээр Улаанбаатар хотод бүс нутгийн хамгийн өндөр өрсөлдөөнтэй волейболын тэмцээнүүдийн нэг болох юм.

Монгол Улс тав дахь удаагаа зохион байгуулж байна

Монгол Улс Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг тав дахь удаагаа эх орондоо хүлээн авч байна.

Манай улс өмнө нь 2000, 2008, 2015, 2017 онуудад уг тэмцээнийг амжилттай зохион байгуулж байсан туршлагатай. Энэ хугацаанд Монголын эмэгтэй шигшээ баг 2000 онд мөнгөн медаль, 2008 онд хүрэл медаль хүртэж байв.

Харин эрэгтэй шигшээ баг 2015 болон 2017 онд дараалан дөрөвдүгээр байрт шалгарч, медалийн төлөө өрсөлдөх хэмжээнд хүрснээ харуулсан юм.

Монголын волейболд шинэ соёл түгээх хамтын ажиллагаа эхэлжээ

Монголын Волейболын Холбоо удирдах зөвлөлөө шинэчлэн бүрдүүлсний дараа спортын урт хугацааны хөгжлийг дэмжих зорилгоор бизнесийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж эхэлсэн байна.

Энэ хүрээнд CU Mongolia тэргүүн түншээр, багийн спортыг дэмжигч Голомт банк алтан түншээр хамтран ажиллаж байгаа бол ЦойлогсоZ коммьюнити партнераар нэгдээд байна.

ЦойлогсоZ залуусын дунд волейболыг түгээхэд оролцоно

Коммьюнити партнераар ажиллаж буй ЦойлогсоZ нь тэмцээнийг дэмжихээс гадна залуучуудын дунд волейболын спортыг түгээн дэлгэрүүлэх, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг уриалах чиглэлээр хамтран ажиллаж байна.

Мөн спортын эерэг соёлыг төлөвшүүлэх, волейболыг олон нийтэд илүү хүртээмжтэй болгох зорилго тавьжээ. Энэхүү хамтын ажиллагаа нь Монголын волейболын хөгжлийг урт хугацаанд дэмжих, спортын орчныг тогтвортой хөгжүүлэх түншлэлийн нэг эхлэл болж байна.

Олон улсын тэмцээн зохион байгуулах чадавхаа бататгана

Зохион байгуулагчдын онцолж буйгаар, энэ удаагийн тэмцээн нь зөвхөн медалийн төлөөх өрсөлдөөн биш. Мөн Монголын волейболын спортын хөгжилд шинэ үе эхлүүлэх, олон улсын хэмжээний тэмцээн зохион байгуулах чадавхыг бататгах стратегийн ач холбогдолтой арга хэмжээ юм.

Улаанбаатар хотод Азийн шилдэг багууд тоглох нь тамирчид, дасгалжуулагчид, үзэгчид, залуу үеийн волейбол сонирхогчдод том туршлага болох хүлээлттэй байна.

Тэмцээний товч мэдээлэл

Тэмцээн: Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн
Хугацаа: 2026 оны наймдугаар сарын 5-9
Оролцогч орнууд: Монгол, БНХАУ, Япон, БНСУ, Тайвань, Хонконг, Макао
Байршил: Улаанбаатар хот

Монголын шигшээ хүчирхэг бүрэлдэхүүнээр талбайд гарна

Эх орондоо зохион байгуулагдаж буй тэмцээнд оролцох Монгол Улсын үндэсний шигшээ баг өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр бэлтгэл сургуулилалтаа эхлүүлжээ.

Энэ удаагийн бүрэлдэхүүний гол онцлог нь гадаадын мэргэжлийн лигүүдэд амжилттай тоглож буй Монголын шилдэг тамирчид багтаа эргэн нэгдэж байгаа явдал юм.

Тодруулбал, Т.Хангал, Ж.Энх-Эрдэнэ, Б.Баярсайхан, М.Уранбаяр нар үндэсний шигшээ багтаа эргэн ирж, эх орныхоо нэрийн өмнөөс өрсөлдөхөөр болжээ.

Спорт сонирхогчдод ховор боломж нээгдэж байна

Гадаадын мэргэжлийн лигүүдэд тоглож буй шилдэг тамирчдаа нэг дор нэгтгэсэн Монголын шигшээ баг энэ тэмцээнд хамгийн хүчирхэг бүрэлдэхүүнээрээ оролцох төлөвтэй байна.

Волейбол бол бүх насныхан хамтдаа үзэж, мэдэрч, тоглож, хичээллэж болдог хамгийн хүртээмжтэй спортын нэг. Тиймээс энэ тэмцээн нь Азийн шилдэг багуудын тоглолтыг эх орондоо үзэж, үндэсний шигшээ багаа гэр бүл, найз нөхдийн хамт дэмжих ховор боломжийг спорт сонирхогчдод олгож байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу