АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама арваннэгдүгээр сарын 3-нд болох завсрын сонгуулийн өмнө Ардчилсан Намын нэр дэвшигчдийг дэмжихээр Охайо мужийн Кливлэнд хотод болсон цуглаанд оролцож, одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампын бодлого, засаглалын хэв маягийг хурцаар шүүмжилжээ.
65 настай Обама сонгогчдод хандан:
“Орчин үеийн түүхэнд урьд өмнө үзэгдээгүй эмх замбараагүй байдал, харгислал, авлига, чадваргүй байдал үргэлжилсэн хоёр жилийн дараа та бүхэнд ‘Одоо хангалттай’ гэж хэлэх боломж ирлээ. Бид яг энд, Охайо мужид өөрчлөлтийн төлөө саналаа өгөх гэж байна”
хэмээн мэдэгдсэн байна.
Тэрбээр шатахууны үнийн огцом өсөлт, амьжиргааны өртгийн нэмэгдлийг Трампын засаг захиргааны бодлоготой холбон шүүмжилжээ.
Обама:
“Одоогийн ерөнхийлөгч хэд хэдэн буруу шийдвэр гаргасан. Хамгийн гол нь тэр хэний ч хүсээгүй, шаардлагагүй дайныг эхлүүлсэн”
гэж хэлсэн байна.
Цагаан ордны тохижилтыг егөөдлөөр онилов
Обама Трамп иргэдийн амьжиргааны өртгийг бууруулах асуудлаас илүү Цагаан ордны засвар, шинэ хүлээн авалтын танхим болон нисдэг тэрэгний буудал зэрэгт анхаарал хандуулж байна гэж шүүмжилжээ.
Тэрбээр энэ талаар:
“Та бүхэн анзаарсан эсэхийг мэдэхгүй юм, гэхдээ тэр барилга байшин засварлах ажилд л хэт их анхаараад байх шиг байна. Тэр HGTV (гэрийн засвар, тохижилтын теле суваг)-ээр л гарах хэрэгтэй юм”
хэмээн хошигносон байна.
Дараа нь Обама Трампын Цагаан ордны дотоод засалд ашигласан алтлаг чимэглэлүүдийг онилон:
“Хаа сайгүй алтлаг эд зүйлс харагдаж байна. Тэр Цагаан ордныг яг л Саддам Хусейн ‘Cheesecake Factory’ (бялууны сүлжээ) нээчихсэн юм шиг харагдуулж орхилоо”
гэж хэлжээ.
Эх сурвалжид дурдсанаар Трамп Цагаан ордонд хоёр дахь удаагаа эргэн ирсний дараа дотоод тохижилтын хэв маягийг мэдэгдэхүйц өөрчилж, алтлаг өнгийн чимэглэл олноор нэмжээ.
Обама мөн сонгогчдыг урьдчилсан санал хураалтад идэвхтэй оролцохыг уриалж:
“Хойшлуулж хэрэггүй, эргэлзэж тээнэгэлзэх хэрэггүй”
хэмээн хэлсэн байна.
Охайо, Мичиган дахь өрсөлдөөнд Обама оролцож байна
АНУ-ын аж үйлдвэржсэн хойд мужуудад урьдчилсан санал хураалт эхэлсэн энэ үед Обама Ардчилсан Намын нэр дэвшигчдийг дэмжих цуврал арга хэмжээнд оролцож байгаа аж.
Охайо мужид Ардчилсан Намаас сенатор асан Шеррод Браун Сенатын суудлын төлөө Бүгд Найрамдах Намын одоогийн сенатор Жон Хастедтай өрсөлдөж байна.
Мужийн захирагчийн төлөө Ардчилсан Намын Эми Актон, Бүгд Найрамдах Намын Вивек Рамасвами нар өрсөлдөхөөр болжээ.
Эх сурвалжид дурдсан санал асуулгуудад дээрх хоёр өрсөлдөөн ойролцоо үзүүлэлттэй байгаа бөгөөд эцсийн үр дүнг урьдчилан тодорхойлох боломжгүй хэвээр байна.
Кливлэндийн арга хэмжээний дараа Обама Мичиган мужийг зорьж, Ардчилсан Намын Сенатын нэр дэвшигч Абдул Эл-Сайедтай хамт Детройт хотын олон нийтийн цуглаанд оролцохоор төлөвлөжээ.
Мичиганы Сенатын суудлын төлөө Абдул Эл-Сайед болон Бүгд Найрамдах Намын нэр дэвшигч Майк Рожерс нар өрсөлдөж байгаа бөгөөд энэ өрсөлдөөн ч ойролцоо явагдаж байгаа талаар эх сурвалж мэдээлсэн байна.
Завсрын сонгууль Конгрессын хяналт аль намд шилжихийг тодорхойлох өндөр ач холбогдолтой учраас хоёр нам нэр хүндтэй улстөрчдөө гол мужуудад идэвхтэй дайчилж эхэлжээ. Обама ч Ардчилсан Намын нэр дэвшигчдийг дэмжихэд өөрийн улс төрийн нөлөөг ашиглаж байна.