Баянхошууны эцсийн буудалд нийтийн тээврийн автобуснууд нэг талдаа олноороо зэрэг зогсож, зорчигчдыг удаан хүлээлгэсэн асуудлаар холбогдох жолооч нарт 25 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ.
Аравдугаар сарын 23-нд автобусны жолооч нар “цайны цаг” гэх шалтгаанаар нэгэн зэрэг зогсож, нийтийн тээврийн үйлчилгээнд хүлээгдэл үүсгэсэн талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархсан байна.
Үүний дараа Нийслэлийн Нийтийн Тээврийн Бодлогын Газрын Авто тээврийн хяналтын байцаагчид шалгалт хийж, жолооч нарын буруутай үйлдэл болохыг тогтоожээ.
Тус газраас:
“Аравдугаар сарын 23-ны өдөр Баянхошууны эцэст автобус нэг талдаа гарч, цайны цаг хэмээн олноороо зэрэг зогсож, иргэдэд чирэгдэл учруулж байгаа талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан.
Мэдээллийн мөрөөр Нийтийн тээврийн бодлогын газрын Авто тээврийн хяналтын байцаагч нар шалгалт хийж, жолооч нарын буруутай болохыг тогтоон, Зөрчлийн тухай хуулийн 14.6-9-д заасны дагуу хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний 25,000 төгрөгөөр торгож, дахин зөрчил гаргахгүй байхыг хатуу сануулж, зөрчлөө давтсан тохиолдолд Хөдөлмөрийн гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг анхаарууллаа.”
гэж мэдээлсэн байна.
Ч:25 чиглэлд мөн хүлээгдэл үүсчээ
Харин аравдугаар сарын 26-нд Ч:25 чиглэлийн автобуснуудын хөдөлгөөнд дахин хүлээгдэл үүссэн боловч энэ удаад жолооч нараас шалтгаалаагүй гэж тайлбарлажээ.
Дарь-Эхийн шатахуун түгээх станцаас шатахуун авахаар дугаарласан автомашинууд замын хөдөлгөөнийг хааж, тухайн хэсэгт түгжрэл эрс нэмэгдсэн байна.
Нийслэлийн Нийтийн Тээврийн Бодлогын Газраас:
“Харин өнөөдөр(2026.10.26) нийтийн тээврийн үйлчилгээний Ч:25 чиглэл нэг талдаа гарч хүлээгдэл үүсээд байна. Учир нь Дарь-Эхийн ШТС-аас шатахуун авахаар дугаарласан машинууд замын хөдөлгөөнийг хааж, түгжрэл үүсгэн ачаалал эрс нэмэгдлээ.
Тээврийн удирдлагын төвөөс зохицуулалт хийж богино эргэлтээр автобусыг эргүүлж, хүлээгдлийн хугацааг богиносгох зорилгоор шуурхай арга хэмжээ авч байна”
гэж тайлбарласан байна.
Ингэснээр тухайн чиглэлийн автобуснуудыг богино эргэлтээр явуулж, зорчигчдын хүлээлгийн хугацааг аль болох бууруулах зохицуулалт хийж байгаа аж.
Нийтийн тээврийн автобусны үйлчилгээ, жолоочийн харилцаа, чиглэлийн хүлээгдэл болон бусад асуудлаар иргэд 70044040 дугаарын утсаар санал, гомдлоо хүргүүлэх боломжтой байна.