Лула да Силва дахин яллаа: Бразилыг дөрөв дэх удаагаа удирдахаар болжээ

Бразилын Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд ялалт байгуулж, улсынхаа төрийн тэргүүнээр дөрөв дэх удаагаа сонгогдсон талаар эх сурвалж мэдээлжээ.

Сонгуулийн байгууллагын танилцуулсан дүнгээр Хөдөлмөрчдийн намын нэр дэвшигч Лула да Силва нийт саналын 51.74 хувийг авсан бол түүний өрсөлдөгч Флавиу Болсонару 48.26 хувийн дэмжлэг авчээ.

80 настай Лула да Силва сонгуулийн эхний шатанд тэргүүлээгүй атлаа хоёрдугаар шатанд ялалт байгуулсан Бразилын анхны Ерөнхийлөгч болсон гэж мэдээлэлд дурдсан байна.

Сонгуулийн хоёрдугаар шатны ирц 80.79 хувьд хүрч, нийт 127 сая гаруй иргэн саналаа өгчээ.

Флавиу Болсонару сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрсөнгүй

Бразилын Ерөнхийлөгч асан Жаир Болсонаругийн хүү, сөрөг хүчний нэр дэвшигч Флавиу Болсонару санал хураалтын албан ёсны дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Тэрбээр санал авах хугацааг хоёр цагаар сунгасан шийдвэрийг шүүмжилж:

“Түүхэнд анх удаа үзэгний үзүүрээр сонгуулийн үйл явцын дүрмийг өөрчилж байна”

гэж хэлжээ.

Флавиу Болсонару уг шийдвэрээс шалтгаалан сонгуулийн эцсийн дүнг зөвшөөрөх боломжгүй гэж мэдэгдсэн байна.

Энэ байр суурь нь түүний эцэг Жаир Болсонару 2022 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа гаргаж байсан мэдэгдлийг санагдуулжээ.

Тухайн үед хоёрдугаар шатанд Лула да Силва 50.9 хувь, Жаир Болсонару 49.1 хувийн санал авч байсан юм.

Сонгуулийн дараа Жаир Болсонаруг дэмжигчид Бразилын төрийн байгууллагуудын байр руу дайран орсон хэрэг гарч байв. Эх сурвалжийн мэдээлснээр Жаир Болсонаруд хожим төрийн эргэлт хийхийг завдсан хэрэгтэй холбоотойгоор 27 жилийн хорих ял оноосон тул энэ удаагийн сонгуульд өөрөө нэр дэвших боломжгүй болсон байна.

Түүний оронд хүү Флавиу Болсонару өрсөлдөж, сонгуульд ялсан тохиолдолд эцэгтээ өршөөл үзүүлнэ гэж амлаж байжээ.

Латин Америкийн улс төрийн чиг хандлагыг сөрсөн ялалт

Reuters агентлагийн тайлбараар Лула да Силвагийн ялалт нь сүүлийн жилүүдэд Латин Америкийн хэд хэдэн оронд ажиглагдаж буй баруун төвийн болон барууны намуудын өсөлтийн чиг хандлагыг сөрсөн үр дүн болж байна.

2022 оны үед бүс нутгийн олон оронд зүүний хүчнүүд засгийн эрхэнд гарч, үүнийг Латин Америкийн хоёр дахь “ягаан давлагаа” гэж нэрлэж байв.

“Ягаан давлагаа” гэх нэр томъёог анх 2000-аад оны эхээр Латин Америкийн орнуудад зүүний болон төвийн зүүний намууд дараалан төрийн эрхэнд гарсан үзэгдлийг тодорхойлоход хэрэглэж байжээ.

Гэвч сүүлийн жилүүдэд Аргентин, Болив, Чили, Колумб, Коста-Рика, Эквадор, Хондурас, Панам, Перу зэрэг оронд сонгогчдын дэмжлэг улс төрийн баруун жигүүр рүү шилжсэн тохиолдлууд гарсан байна.

Лула да Силвагийн шинэ ялалт энэ бүс нутгийн нийтлэг хандлагатай харьцуулахад онцгой үр дүн болж буйг олон улсын хэвлэлүүд тэмдэглэжээ.

Бразилын гадаад бодлогод ч нөлөөлөх төлөвтэй

CNN-ийн тайлбараар сонгуулийн үр дүн зөвхөн Бразилын дотоод улс төрөөр хязгаарлагдахгүй, Латин Америк болон дэлхийн геополитикийн харилцаанд нөлөө үзүүлэх боломжтой.

Бразил нь Латин Америкийн хамгийн том эдийн засагтай улс бөгөөд АНУ-ын Трампын засаг захиргаатай харилцаа нь хурцадмал байгаа энэ үед Лула да Силвагийн дахин сонгогдсон явдал гадаад бодлогын одоогийн чиглэлийг үргэлжлүүлэх дохио гэж тайлбарлагдаж байна.

Түүний засаг захиргаа Дэлхийн өмнөд хагасын орнуудтай харилцаагаа өргөжүүлэх, Хятадтай эдийн засаг, дипломат хамтын ажиллагааг бэхжүүлэх, том гүрнүүдийн хооронд илүү бие даасан байр суурь баримтлах бодлогыг үргэлжлүүлэх төлөвтэй байна.

Ингэснээр Лула да Силвагийн дөрөв дэх ялалт нь Бразилын дотоод улс төр төдийгүй Латин Америкийн бүс нутгийн улс төрийн хүчний харьцаа болон тус улсын олон улсын байр сууринд чухал нөлөө үзүүлэх үйл явдал болж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу