Олон улсын оюутны спортын холбоо FISU-гийн 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Макаод болж, Монгол Улсын оюутны эрэгтэй шигшээ баг дэлхийн шилдэг 12 багтай өрсөлджээ.
Энэ удаагийн тэмцээнд Ази тивийг Монгол болон БНХАУ-ын багууд төлөөлсөн байна. Монголын баг хэсгийн шатанд БНХАУ, Испани, Австралийн их сургуулийн багуудтай тоглож, нийт гурван тоглолтын дараах дүнгээр 10-р байр эзэлжээ.
БНХАУ-ын багтай тун ойр өрсөлдөв
Монголын оюутны шигшээ БНХАУ-ын багтай нэг хэсэгт багтаж, 14:13 гэсэн тун ойр харьцаатайгаар хожигдсон байна.
Тэмцээний аваргаар Литвийн их сургуулийн баг шалгарч, Латвийн баг мөнгө, БНХАУ-ын баг хүрэл медаль хүртжээ.
Монголын баг дэлхийн шилдэг 12 багийн дунд өрсөлдөж, энэ удаагийн тэмцээнийг 10-р байраар өндөрлүүлсэн байна.
Монголын оюутны эрэгтэй баг Шанхай хотод болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, FISU-гийн 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аваргад оролцох эрхээ авсан юм.
Багийн бүрэлдэхүүнд Олон улсын Рояаль их сургуулийн оюутнууд болох Б.Ган-Эрдэнэ, Э.Ирмүүн, Ч.Тэмүүлэн, Х.Золбадрах нар багтжээ.
Харин багийн дасгалжуулагчаар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч С.Тулга ажилласан байна.
Монголын оюутнууд FISU 3×3-т өмнө нь аваргалж байв
Монголын оюутны багууд FISU 3×3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өмнө нь амжилттай оролцож байсан түүхтэй.
Эрэгтэй баг:
- 2016 онд мөнгөн медаль,
- 2017 онд алтан медаль,
- 2024 онд хүрэл медаль хүртэж байжээ.
Харин Монголын эмэгтэй оюутны баг 2022 онд хүрэл медаль хүртэж, дэлхийн оюутны аваргын медальт баг болсон байна.
Ийнхүү Монголын оюутны 3х3 сагсан бөмбөгийн шигшээ дэлхийн шилдэг багуудын эсрэг дахин хүч сорьж, Азийн хоёр төлөөлөгчийн нэг болж Макаогийн ДАШТ-д оролцлоо.