Өдөр бүр 3.5 тэрбум хүнийг тэжээдэг будаа хэрхэн дэлхийг эзэлсэн бэ?

Өнөөгийн дэлхийн хоолны ширээг будаагүйгээр төсөөлөхөд бэрх. Азийн гол мөрний эрэгт зэрлэгээр ургадаг байсан энэ ургамал хэдэн мянган жилийн турш хүний амьдралтай салшгүй холбогдож, өдгөө 3.5 тэрбум гаруй хүний өдөр тутмын хүнсний чухал хэсэг болжээ.

Гэхдээ будааны өнөөгийн байр сууринд хүрсэн түүх нь зөвхөн газар тариалангийн хөгжлөөр хязгаарлагдахгүй. Хүмүүсийн нүүдэл суудал, дайн байлдаан, худалдааны зам, колоничлол, боолын худалдаа хүртэл энэ таримлыг дэлхийн өнцөг булан бүрд түгээхэд нөлөөлсөн байна.

Археологийн судалгаагаар зэрлэг будаа Хятадын Янцзы мөрний сав газарт ойролцоогоор 100 мянган жилийн өмнө ургаж байсан байх боломжтой. Харин хүмүүс 24 мянга орчим жилийн өмнөөс түүнийг түүж хэрэглэж эхэлсэн бөгөөд тариалангийн хэлбэр нь аажмаар хөгжсөөр 11 мянга орчим жилийн өмнө гаршуулсан таримал болсон гэж үздэг.

Хятадаас эхэлсэн түүх Ази, Африк, Европыг дамжив

Будаа тариалсан анхны бүс зөвхөн Хятадаар хязгаарлагдахгүй. Энэтхэгт ч МЭӨ 6500 оны орчмоос будааны тариалан хөгжиж эхэлсэн гэх баримтууд байдаг. Гэсэн ч Азийн өнөөгийн олон төрлийн будааны яг гарал үүсэл, хоорондын холбооны талаар эрдэмтдийн судалгаа үргэлжилсээр байна.

Африк тивд харин Азийн сортуудаас тусдаа хөгжсөн будааны төрөл бий. Энэ нь ган гачиг, хортон шавж, шим тэжээл багатай хөрсөнд харьцангуй тэсвэртэй боловч ургацын хэмжээгээр Азийн сортуудаас бага байдаг онцлогтой.

Ойролцоогоор 4000 жилийн өмнөөс өмнөд Хятадын тариаланчдын нүүдэл Зүүн Өмнөд Азид будааны тариаланг өргөн тархаахад нөлөөлжээ. Үүний дараа худалдааны сүлжээ, цэргийн аян дайн, хүн амын шилжилт хөдөлгөөнөөр дамжин будаа баруун зүгт тархсаар байв.

Эртний худалдааны замаар Европт хүрсэн будаа Дундад зууны үед Иберийн хойгт илүү өргөн хэмжээгээр тариалагдах болжээ.

Хожим Европын колоничлол, Атлантын далай дамнасан боолын худалдааны үед будаа Америк тивд хүрсэн байна. Тэнд Африкаас хүчээр авчирсан хүмүүсийн газар тариалангийн мэдлэг, будааны тариалалтын туршлага үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг.

Будаа бол зөвхөн хоол биш

Олон орны хувьд будаа ердөө нүүрс усны эх үүсвэр төдий зүйл биш. Ялангуяа Азийн орнуудад хэл, зан заншил, шашин, гэр бүлийн ёслолтой нягт холбогдсон соёлын нэг хэсэг болжээ.

Тайландад хооллох тухай өдөр тутмын хэллэг хүртэл будаатай утгын хувьд холбоотой байдаг. Харин Япон, Камбож, Мьянмар зэрэг оронд будааны тариалалтын улирал эхлэх, дуусахтай холбоотой уламжлалт ёслол, баярууд өнөө хүртэл зохион байгуулагддаг.

Хиндү уламжлалд ч будаа онцгой байр суурь эзэлдэг. Хүүхэд төрөхөөс эхлээд хурим, оршуулгын зан үйл хүртэл хүний амьдралын олон чухал мөчлөгт будаа хэрэглэдэг байна.

Гэвч олон тэрбум хүний хүнсний аюулгүй байдалд чухал энэ таримлын ирээдүйд шинэ сорилтууд тулгарч эхэлжээ.

Будааны тариалан их хэмжээний ус шаарддаг. Түүнчлэн удаан хугацаанд усаар дүүргэсэн талбайгаас метан ялгардаг бөгөөд энэ нь хүлэмжийн хийн ялгарлын нэг эх үүсвэр болдог.

Иймээс судлаачид усны хэрэглээг бууруулах, талбайгаас гарах метаны хэмжээг багасгах шинэ тариалалтын арга боловсруулж байна. Үүний зэрэгцээ эртний болон нутгийн уламжлалт будааны сортуудын генетикийг судалж, ган, халалт, давсжилт болон цаг уурын бусад хатуу нөхцөлд илүү тэсвэртэй шинэ сорт гарган авахыг зорьж байгаа юм.

Дэлхийн хүн ам өсөж, хүнсний хэрэгцээ нэмэгдэхийн зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлтийн дарамт улам хүчтэй болж байна. Ийм нөхцөлд хүн төрөлхтнийг хэдэн мянган жилийн турш тэжээж ирсэн будааны ирээдүйг хамгаалах түлхүүр нь орчин үеийн технологиос гадна мартагдсан эртний сортуудад ч нуугдаж байж мэднэ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу