Монголын Урлагийн зөвлөл Чойжин ламын сүм музейн Өндөр гэгээний сүмийн дээврийн сэргээн засварлалтын ажлыг эхлүүлжээ. Тус байгууллага өмнө нь 2022-2023 онд тус музейн Ядамын сүмийн сэргээн засварлалтыг амжилттай хэрэгжүүлсэн туршлагадаа тулгуурлан энэ төслийг хэрэгжүүлж байна.
Сэргээн засварлалтын ажлыг Дэлхийн хөшөө дурсгалын сангийн санхүүжилтээр, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Соёлын өвийн үндэсний төвийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэж байгаа юм.
Төслийн гол зорилго нь Монголын соёлын өвийг хамгаалах, хадгалан үлдээхээс гадна олон улсын стандартад нийцсэн сэргээн засварлалтын аргачлалыг нэвтрүүлэхэд чиглэж байна.
Ажлыг 2026 оны есдүгээр сард дуусгахаар төлөвлөжээ
Өндөр гэгээний сүмийн дээврийн сэргээн засварын бэлтгэл ажлыг 2025 оноос эхлүүлсэн байна. Харин үндсэн сэргээн засварлалтын ажлыг 2026 оны есдүгээр сард бүрэн дуусгахаар төлөвлөжээ.
Ажлын хүрээнд сүмийн дээврийн бүтэц, уламжлалт хийц, түүхэн үнэ цэнийг хадгалах зарчмыг баримтлан мэргэжлийн түвшинд сэргээн засварлах юм.
Энэхүү төсөл нь Чойжин ламын сүм музейн өв соёлыг хадгалан хамгаалах, цаашид олон нийтэд таниулахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
