Өрнөдийн хэд хэдэн улс төрч, аюулгүй байдлын албан тушаалтан Украины төмөр замын өртөөнд байх үед Варшав чиглэлд явах галт тэрэгний зүтгүүр Оросын агаарын цохилтод өртсөн талаар Украины тал мэдээлжээ.
Тухайн үед Их Британийн ерөнхий сайд асан Boris Johnson, АНУ-ын Тагнуулын төв газрын дарга асан David Petraeus нарын зэрэг нэр бүхий хүмүүс ойролцоо байсан гэж Украины төмөр замын оператор мэдэгдсэн байна.
Ягодын өртөөнд дипломат төлөөлөгчдийн галт тэрэг зогсож байжээ
Украины үндэсний төмөр замын оператор Укрзализниця компанийн мэдээлснээр Польш, Украины хил орчмын Ягодын өртөөнд дипломат төлөөлөгчдийг тээвэрлэж явсан галт тэрэг зогсож байх үед зүтгүүр агаарын цохилтод өртсөн байна.
Тус компани:
“Украин-Польшийн хил дээрх Ягодын өртөөнд дипломат төлөөлөгчдийг тээвэрлэсэн галт тэрэг зогсож байх үед зүтгүүр агаарын цохилтод өртсөн” гэж мэдэгджээ.
Мөн:
“Тус галт тэргэнд Европын Холбооны гишүүн хэд хэдэн улсын аюулгүй байдлын зөвлөхүүд болон Европын удирдагч асан хүмүүс, тухайлбал Их Британийн ерөнхий сайд асан Борис Жонсон зэрэг хүмүүс зорчиж явсан. Мөн халдлага болох яг тэр мөчид Ягодын өртөөнд байсан өөр нэг галт тэрэгт Тагнуулын Төв Газрын дарга асан Дэвид Петреус байсан” гэж уг мэдэгдэлд өгүүлжээ.
Польшийн удирдлагууд яаралтай арга хэмжээ авчээ
Үйл явдлын дараа Польшийн гадаад хэргийн сайд Radosław Sikorski Оросын үйлдлийг хурцатгал хэмээн тодорхойлсон байна.
Тэрээр:
“Путин нөхцөл байдлыг хурцатгаж байна” гэж сошиал хуудсаараа мэдэгджээ.
Польшийн ерөнхий сайд Donald Tusk мөн ням гарагийн үдээс хойш хямралын үед ажиллах багийг яаралтай хуралдуулсан байна.
Украины агаарын орон зай хаалттай байгаа учраас Киев болон бусад хот руу зорчиж буй Өрнөдийн улс төрч, албан тушаалтнууд Польш-Украины төмөр замын чиглэлийг тогтмол ашигладаг аж.
Зорчигчид гэмтээгүй
Укрзализниця компанийн мэдээлснээр зорчигчдыг цаг тухайд нь нүүлгэн шилжүүлсэн бөгөөд халдлагын улмаас хүн гэмтэж бэртээгүй байна.
Польшийн төмөр замын оператор PKP компанийн мэдээллээр тухайн галт тэрэг Украины талаас зургаан цагаас илүү хугацаагаар хоцорч ирсэн ч дараа нь Варшавын чиглэлд аяллаа үргэлжлүүлжээ.
Польшийн хил орчимд хоёр дрон довтолсон гэж мэдээлэв
Польшийн батлан хамгаалахын сайд Władysław Kosiniak-Kamysz ням гарагт баруун Украины нутагт Польшийн хилтэй маш ойрхон хоёр нисгэгчгүй онгоц довтолсон гэж мэдэгдсэн байна.
Түүний хэлснээр нэг дрон хилээс ойролцоогоор нэг километр, нөгөө нь таван километрийн зайд довтолжээ.
Тухайн үед F-16 сөнөөгч онгоцууд болон тагнуулын нисэх онгоц нөхцөл байдлыг хянаж байсан бөгөөд Польшийн агаарын хил зөрчигдөөгүй гэж сайд нэмж хэлсэн байна.
Украины гадаад хэргийн сайд НАТО, ЕХ-нд анхааруулга өгчээ
Украины гадаад хэргийн сайд Andrii Sybiha уг халдлагын дараа Европын холбоотнуудад хандан хатуу мэдэгдэл хийжээ.
Тэрээр:
“Энэ бол Путиний терроризм Европын Холбоо болон НАТО-гийн хаалгыг тогшиж буйн илрэл. Оросын зэрлэгүүд та нарын үүдэнд тулж ирээд байна, түншүүд ээ” гэж Украины гадаад хэргийн сайд Андрей Сибига сошиал хуудсандаа анхааруулан бичсэн байна.
ОХУ төмөр замын дэд бүтцэд цохилт өгснөө хүлээн зөвшөөрчээ
ОХУ-ын Батлан хамгаалах яам баруун Украины төмөр замын дэд бүтцэд довтолсон гэдгээ мэдэгдсэн байна.
Москвагийн тайлбарласнаар цохилтын бай нь Европын орнуудаас Украинд нийлүүлж байсан зэвсэг, цэргийн техник тээвэрлэж буй логистикийн чиглэлүүд байсан аж.
Гэхдээ Украины тал дипломат төлөөлөгчид зорчиж байсан галт тэрэгний зүтгүүр цохилтод өртсөн гэж мэдээлж байгаа бол Оросын тал цэргийн хангалтын дэд бүтцийг онилсон гэж тайлбарлаж байна.
Одоогоор зорчигчдын дунд бэртэж гэмтсэн хүн байхгүй бөгөөд галт тэрэг Варшавын чиглэлд цааш хөдөлсөн гэж хоёр талын төмөр замын байгууллагуудын мэдээлэлд дурджээ.
Эх сурвалж: Associated Press