Отгонтэнгэр хайрхны төрийн тахилга өндөрлөлөө: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийг төлөөлөн оролцов

Хангайн нурууны ноён оргилд төрийн их тахилга үйлдлээ

Завхан аймгийн Отгон, Алдархаан сумдын нутагт орших Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн их тахилга 2026 оны зургаадугаар сарын 17-ны өдөр боллоо.

Энэхүү төрийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийг төлөөлөн оролцож, Отгонтэнгэр хайрхны тэнгэрт хүндэтгэл үзүүлэв.

Тахилгын өмнөх орой ном хурж, тууль хайлав

Төрийн тахилгын ёслолын өмнөх орой Завхан аймгийн хийдийн лам нар тахилгын ном хурсан байна.

Тухайлбал, Итгэл, Ганданлажаа, Өлзийхутаг буулгах сан болон Долоон бурхан од тус бүрт зориулсан тахилгын ном хуржээ. Үүний дараа туульч “Аргиль цагаан өвгөн” тууль хайлж, ёслолын өмнөх зан үйл үргэлжилсэн байна.

“Ганжуур” судар, Найман тахилыг залав

Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол эхлэх үеэр “Ганжуур” их хөлгөн судар болон Найман тахилыг тусгайлан залсан байна.

Мөн лам хуврагууд Ламчодов, Жигжид, Очирваань, Юлтий зэрэг ном хурж, төрийн тахилгын шашны зан үйлийг дэг ёсны дагуу үйлджээ.

Ерөнхийлөгч төрийн бэлгэдлийн хамт тахилгын талбайд хүрэлцэн ирэв

Тахилгын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлэн, хүндэт харуулын цэргүүдээр хамгаалуулж, тусгайлан зассан тахилгын талбайд хүрэлцэн ирсэн байна.

Үүний дараа Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умарын элч сүлд, Завхан аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнд залж байрлуулжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн үг

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ёслолын үеэр хэлсэн үгэндээ уул овоо тахих монгол уламжлал, байгаль хамгаалах үзэл санаа, өв соёлын ач холбогдлыг онцолсон байна.

“Монголчууд эцэг тэнгэр, эх дэлхийгээ хүндлэн дээдэлж, уул ус, ургамал амьтдыг нь хайрлан хамгаалж, эзэн шүтээнд нь сүслэн залбирч, уул овоогоо тахиж ирсэн эртний сайхан уламжлалтай ард түмэн билээ.

Мянга мянган жилийн түүхтэй уул овооны төрийн тахилга бол эх дэлхий, элгэн нутгаа хайрлан хамгаалах үзэл санаа, үүрэг, хариуцлага бөгөөд улсын үндэс болсон газар нутгаа тамгалан тогтоож, өв соёл, үүх түүх, зан заншлаа ирээдүй хойчдоо өвлүүлэн уламжлуулах өргөн агуулга, өндөр ач холбогдолтой их ёслол юм.

Цаст цагаан Этүгэн уул, оройн чимэг Отгонтэнгэр хайрхан нь Хүннү гүрний үеэс тайж тахиж ирсэн Монгол түмний их шүтээн уул билээ.

Өнө эртний тахилгат Отгонтэнгэр уулын цадиг түүх бол эх байгалиа хамгаалах төрийн бодлого, хууль цааз хийгээд төр, шашны ёслол, байгалиа шүтэн дээдэлдэг ардын ухаан, уламжлалт соёл, зан заншлын цогц илэрхийлэл юм.

Ард иргэдийнхээ ертөнцийг үзэх үзэл, итгэл үнэмшил, байгаль хамгаалах үзэл санааг хүндэтгэн дээдэлж, Отгонтэнгэр хайрхны тахилгын шүтээн цогцолборыг шинэчлэн байгуулах нь зүйтэй хэмээн үзэж байна.

Уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цөлжилт эрчимтэй явагдаж буй энэ цаг үед байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, усны хомсдол, гамшигт үзэгдлүүдээс урьдчилан сэргийлэхэд дэлхий нийтээрээ анхаарч байна.

ЮНЕСКО-гоос “Уул овоо тахих монгол зан үйл”-ийг яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн Дэлхийн жагсаалтад бүртгэж, энэ төрлийн судалгааг үе шаттай хэвлэн нийтэлж, түгээн дэлгэрүүлж байгааг тэмдэглэн хэлье.

Хүн, байгаль хоёр хүйн холбоотойг танин мэдсэн монголчууд бидний өвөг дээдэс уул, усаа тахин шүтэх уламжлалт зан үйлээрээ дамжуулан байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж ирсэн үнэт өв соёлд төр онцгой анхаарч ирсэн түүхтэй.

Тийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгч уул ус, овоо тахилга, уламжлалт зан үйлээ судлан шинжлэх үүднээс төрийн тахилгат хайрхдын судалгаа, шинжилгээг хийлгэж, тахилгын уламжлал, зан үйл, дэг ёс, уул усны онцлогийг нь тодруулан судалж, ард олноо сурталчлан таниулж эхэллээ.

Эх дэлхий, эко системийг хамгаалах, цөлжилт, газрын доройтол, шар шороон шуургыг сааруулах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд идэвхтэй оролцож байгаа ард иргэддээ талархал илэрхийлье” гэлээ.

Очирваань шүтээн болон нуур, хайрхдад сүслэн даатгав

Ерөнхийлөгчийн үгийн дараа Отгонтэнгэр хайрхны Очирваань шүтээн, Хөх-Энгэр, Баянзүрх, Цэцэрлэг, Бадархундага, Баянбулаг, Бахдалт Цагаан, Хөх, Хар нуур зэрэг хайрхан, нуур усыг монгол төрийг хүчирхэгжүүлж, ард олныг энхжүүлж, ивээл хайраа хайрлаж байхыг сүслэн даатгасан байна.

Хангайн магтаал хайлав

Ерөнхийлөгч үг хэлсний дараа туульч, Соёлын гавьяат зүтгэлтэн Э.Баатаржав болон морин хуурч, Соёлын тэргүүний ажилтан Б.Зоригоо нар Хангайн магтаал хайлжээ.

Ийнхүү төрийн тахилгын ёслол монгол уламжлалт урлаг, шашин, төрийн зан үйлтэй хослон үргэлжилсэн байна.

Тэнгэрт хандсан айлтгалыг музейд хадгалуулахаар гардуулав

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр Отгонтэнгэр хайрхны тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгосон байна.

Уг айлтгалын торгон дээр бичсэн эх хувийг Завхан аймгийн музейд хадгалуулах зорилгоор аймгийн Засаг дарга Г.Өнөрбаярт гардуулжээ.

Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам тайлбар хийв

Үүний дараа Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам, Хамба Номун Хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж тахилгын ёслолд унших номын утга агуулгыг сүсэгтэн олонд товч тайлбарласан байна.

Лам хуврагууд Буман цагаан судар, Отгонтэнгэр хайрхан уулын сан, Дэвжид сэржим, Жанлав цогзол зэрэг ном уншиж, мандал өргөжээ.

Тэнгэрт хүргэх дуут сум, тэнгэрийн хүлгийн ёслол үйлдэв

Монгол Улсын Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх дуут сумыг Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, Монгол Улсын даян мэргэн Баасанхүүгийн Ёндонд хүлээлгэн өгсөн байна.

Мөн Завхан аймгийн Улиастай сумын аварга малчин Шуурайн Бат-Эрдэнийн адуун сүргээс сонгосон бор азаргыг тэнгэрийн хүлэг болгон сэтэрлэжээ.

Төрийн тахилга өндөрлөв

Ёслолын төгсгөлд хүндэт харуулын цэргүүд Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умарын элч сүлд, Завхан аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг болон Төрийн долоон эрдэнийг буцаан залснаар Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилга өндөрлөсөн байна.

Отгонтэнгэр хайрхан 1995 оноос төрийн тахилгатай болсон

Отгонтэнгэр хайрхан уулыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 110 дугаар зарлигаар төрийн тахилгатай уул болгожээ.

Түүнээс хойш тус хайрхныг 1995, 1999, 2003, 2007, 2011, 2016, 2021 онуудад төрийн хэмжээнд тахиж ирсэн байна.

4,021 метр өндөр мөнх цаст хайрхан

Отгонтэнгэр уулын ноён оргил далайн түвшнээс дээш 4,021 метрт оршдог.

Тус хайрхан 3,752 метрээс дээш өндөрт мөнх цастай бөгөөд мөнх цасны хилийн доохон талд Ар Бадархундага, Өвөр Бадархундага хэмээх үзэсгэлэнт нуурууд байдаг.

Байгалийн баялаг, амьтан ургамлын олон төрөлтэй

Отгонтэнгэр хайрхан уул орчмын нутаг нь байгалийн онцгой тогтоц, амьтан ургамлын олон төрөл зүйлтэй.

Тус бүсэд 30 гаруй зүйл хөхтөн амьтан, 50 гаруй зүйл шувуу, хоёр зүйл мөлхөгч, таван зүйл загас бүртгэгдсэн байдаг. Мөн зургаан зүйл ховор ургамал, 70 гаруй зүйл эмийн ургамал ургадаг байна.

Отгонтэнгэр нэрийн утга

“Отгонтэнгэр” хэмээх нэрийн тухайд түрэг, монгол хэлний дундынх гэж үздэг “Отхан” буюу “Галын хаан, голомт сахигч” гэсэн утгатай холбон тайлбарладаг.

Мөн эртний монгол үгийн санд “Этүгэн” буюу “Анхны эх газар” гэсэн унаган монгол утгатай хэмээн үздэг байна.

Монголчууд эртнээс нааш энэхүү хайрхнаа “Сүмбэр уул”, “Очирваань хайрхан”, “Цаст цагаан уул”, “Отгонтэнгэр”, “Этүгэн уул” хэмээн нэрлэж, цай, идээний дээжээ өргөн дээдэлж иржээ.

Отгонтэнгэр хайрхны төрийн тахилга өндөрлөлөө: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийг төлөөлөн оролцов
Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу