“Prairie Ark” галерей Улаанцав хотод үүд хаалгаа нээв
Өвөр Монголын Улаанцав хотын хээр талд, Лаоли нуурын эрэг дээр “Prairie Ark” нэртэй өвөрмөц галерей нээгдсэн байна. Нисдэг таваг мэт харагдах энэхүү барилга нь архитектур, байгаль, урлагийг нэг орон зайд холбосон содон бүтээн байгуулалт болжээ.
Төслийг “Büro Ziyu Zhuang” студи гүйцэтгэсэн бөгөөд галерейн хэлбэр, орон зайн шийдэл нь тал нутгийн уламжлалт дүрслэлийг шууд хуулбарлахаас зайлсхийсэн гэдгээрээ онцлог юм.
Дээврээр нь алхаж, дотор орон зай руу нэвтэрнэ
“Prairie Ark” галерей интерактив дээвэртэйгээр бүтээгдсэн. Зочид зүлэгтэй талбайгаас барилгын шаталсан дээвэр рүү шууд алхаж гарч, дээврийн дээд хэсэгт байрлах задгай амсраар дамжин дотогш ордог байна.
Энэ шийдэл нь барилгыг зөвхөн үзэсгэлэнгийн танхим бус, өөрөө оролцож мэдрэх боломжтой архитектурын орон зай болгожээ. Дээвэр, гадна орчин, дотоод хэсэг нь тус тусдаа салангид биш, харин нэгэн тасралтгүй хөдөлгөөн мэт холбогдсон байна.
1,360 ам метр талбай бүхий олон үйлдэлт танхимтай
Галерейн дотор талд 1,360 ам метр талбайтай олон зориулалтын танхим байрладаг. Сараалжин тааз болон дээрээс тусах байгалийн гэрэл нь дотоод орон зайг илүү уудам, нээлттэй, тайван мэдрэмжтэй болгож өгдөг аж.
Танхимыг задгай зохион байгуулалттай шийдсэн тул төрөл бүрийн арга хэмжээнд ашиглах боломжтой. Одоогоор тус орон зайд урлагийн үзэсгэлэн, брэндийн арга хэмжээ, олон нийтийн уулзалт, цугларалт зэргийг тогтмол зохион байгуулж байна.
Архитектор тал нутгийг өөр өнцгөөс харуулахыг зорьжээ
“Büro Ziyu Zhuang” студийн үүсгэн байгуулагч, ерөнхий архитектор Зиюу Жуан “Prairie Ark” төслийн санаа нь орчинтойгоо гүн холбогдох, гэхдээ уламжлалт бэлгэдлийг өнгөц давтахгүй байх хүсэлтэй холбоотой гэж тайлбарласан байна.
“Барилга барихад эхлээд орчноо сайтар мэдрэх хэрэгтэй. Орон зайн онцлогоо ойлгож, яг тэр мэдрэмжид өгүүлэмж нь таарсан барилга барих нь чухал байдаг. Энэ төслийн хувьд Лаоли нуурын эргийн хээр талд улиг болсон сонголтуудаас татгалзахыг хичээсэн буюу гэр, нүүдэлчин ахуй, эсвэл Чингис хаан гэх мэт тал нутгийг илэрхийлдэг элементүүдийг өнгөцхөн, зүгээр нэг давтахыг хүсээгүй. Харин байгалийн нэг хэсэг юм шиг хэр нь онцгой, содон байх зураг гаргахыг зорьсон” хэмээжээ.
Байгаль дунд төрсөн футурист урлагийн орон зай
“Prairie Ark” нь тал нутгийн уудам байгальд уусахын зэрэгцээ футурист хэлбэрээрээ шууд анхаарал татдаг. Нуурын эрэг, хээрийн нээлттэй орон зай, шаталсан дээвэр, гэрлийн зохион байгуулалт нь уг галерейг зөвхөн урлаг үзэх газар бус, өөрөө архитектурын үзмэр мэт болгож байна.
Ийнхүү Өвөр Монголын Лаоли нуурын эрэгт нээгдсэн “Prairie Ark” галерей нь тал нутгийн уламжлалт дүр төрхийг давтахаас илүүтэй, байгальтай харилцан ярилцах шинэ хэлбэрийн урлаг, архитектурын орон зай болжээ.







