Perseverance Ангараг дээрх хамгийн хол аялсан төхөөрөмж болж, өмнөх рекордыг эвдлээ

NASA-гийн Perseverance өөрөө явагч аппарат Ангараг гарагийн гадаргуу дээр нийт 45.2 км зам туулж, дэлхийгээс өөр гараг, эрхэс дээр ажилласан хөдөлгөөнт төхөөрөмжүүдийн дээд амжилтыг шинэчилжээ.

Зургаан дугуйтай, суудлын автомашины хэмжээтэй тус аппарат 2021 онд Ангараг дээр газардсанаасаа хойш эрт үед бичил биетэн амьдрахад тохиромжтой орчин байсан эсэхийг судалж ирсэн юм.

Таван жил гаруйн хугацаанд шинжлэх ухааны судалгаа хийхийн зэрэгцээ тасралтгүй хөдөлсөн Perseverance ийнхүү 45 км-ийн босгыг давж, өмнөх рекорд эзэмшигч Opportunity-г ардаа орхисон байна.

Техникийн байдал нь хэвийн хэвээр байна

NASA-гийн Калифорни дахь Тийрэлтэт хөдөлгүүрийн лабораторийн мэргэжилтэн Стивен Ли аппаратын үндсэн системүүдийн ажиллагаа сайн байгааг мэдэгджээ.

Тэрбээр:

“Perseverance аппаратын техникийн төхөөрөмжүүд, шинжлэх ухааны багаж хэрэгслүүд маш сайн ажиллаж байгаа. Нөөц системүүд нь бүгд хэвийн байна” гэж хэлсэн байна.

Perseverance болон Curiosity төслүүдийг удирддаг Ли мөн аппаратуудын ашиглалтын хугацаатай холбоотой шинэ үнэлгээг танилцуулжээ.

“Бүх системд саяхан хийсэн үнэлгээгээр аппаратууд 2030-аад он хүртэл, магадгүй түүнээс ч удаан хугацаанд ажиллах боломжтой гэсэн дүгнэлт гарсан” хэмээн тэр нэмж дурдсан байна.

Opportunity-ийн олон жилийн рекордыг давжээ

Perseverance-аас өмнө Ангараг дээр хамгийн хол зам туулсан аппарат нь NASA-гийн Opportunity байсан юм.

Opportunity 2004-2018 оны хооронд ажиллахдаа нийт 45 км орчим зам туулж, олон жилийн турш өөр гараг дээрх хөдөлгөөнт төхөөрөмжийн дээд амжилтыг хадгалж байв.

Харин Perseverance 45.2 км-т хүрснээр уг үзүүлэлтийг шинэчилжээ.

Мөн Perseverance болон Opportunity-ийн туулсан замын хэмжээ Саран дээр ажилласан өөрөө явагч төхөөрөмжүүдийн үзүүлэлтээс ч давсан байна.

Ийнхүү Perseverance Ангарагийн эртний орчныг судлах үндсэн даалгавраа үргэлжлүүлэхийн зэрэгцээ гараг хоорондын судалгааны түүхэнд шинэ дээд амжилт тогтоолоо.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу