Ватиканы мэдээлснээр Pope Leo XIV төлөвлөгөөт мэс засалд орсны дараа уушгины хорт хавдартай нь тогтоогджээ. Мэс заслын үеэр эмч нар түүний баруун уушгины доод дэлбээг авч, дараагийн эдийн шинжилгээгээр уушгины аденокарцинома буюу түгээмэл тохиолддог хорт хавдрын нэг хэлбэр болохыг тогтоосон гэж мэдээлсэн байна.
Ватиканы хэвлэлийн албанаас мэс заслын өмнөх шинжилгээнүүдийн үеэр уушгинд илэрсэн зангилаа хорт хавдар байж болзошгүй гэсэн сэжиг байсан гэж тайлбарлажээ.
Эх сурвалжид дурдсанаар Pope Leo XIV тамхи татдаггүй бөгөөд өмнө нь тогтмол тамхи хэрэглэж байсан түүхгүй аж. Гэсэн ч уушгины хорт хавдрын гол эрсдэлт хүчин зүйл нь тамхи хэвээр байна.
АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээллээр уушгины хорт хавдрын нас баралтын ойролцоогоор 80 хувь нь тамхитай холбоотой байдаг.
Гэсэн ч уг өвчин огт тамхи татаж байгаагүй хүмүүст ч тохиолдож болдог. Уушгины аденокарцинома нь АНУ дахь уушгины хорт хавдрын нийт тохиолдлын ойролцоогоор 40 хувийг эзэлдэг бөгөөд тамхи татдаггүй хүмүүсийн дунд хамгийн түгээмэл хэлбэрийн нэг гэж үздэг.
Эрт үед илэрсэн бол эдгэрэх боломж өндөр байж болно
Флорида мужийн Тампа хот дахь Moffitt Cancer Center-ийн хавдар судлаач доктор Larry Robinson Pope-ийн эмчилгээнд оролцоогүй ч уг тохиолдлын талаар тайлбар өгчээ.
Түүний хэлснээр уушгины хорт хавдрын ойролцоогоор 80 хувь нь одоо тамхи татдаг эсвэл өмнө нь тамхи татаж байсан хүмүүст илэрдэг байна.
Гэхдээ огт тамхи татаж байгаагүй хүмүүсийн дунд ч өвчин тохиолддог. Тухайлбал уушгины хорт хавдартай эрэгтэйчүүдийн ойролцоогоор 10 хувь, эмэгтэйчүүдийн 25 хувь нь хэзээ ч тамхи татаж байгаагүй хүмүүс байдаг гэж тэр тайлбарлажээ.
Pope-ийн уушгины нэг дэлбээг мэс заслын аргаар авсан нь тодорхой хэмжээнд эерэг дохио байж болохыг Robinson хэлсэн байна. Учир нь ийм төрлийн мэс заслыг хорт хавдар нэг хэсэгтээ төвлөрсөн, бусад эрхтэнд тархаагүй гэж үзсэн үед ихэвчлэн хийдэг.
“Хорт хавдар нэгдүгээр үе шатандаа байгаа гэж найдаж байна.”
Хэрэв үнэхээр нэгдүгээр үе шат гэдэг нь батлагдвал хавдрын хэмжээ болон биологийн онцлогоос шалтгаалан эдгэрэх магадлал 90 хувь орчим хүрч болохыг тэр дурджээ.
Гэхдээ өвчний яг үе шат, цаашид хими эмчилгээ, дархлаа эмчилгээ эсвэл бусад нэмэлт эмчилгээ шаардлагатай эсэхийг эцсийн эдийн шинжилгээний дараа л тогтоох боломжтой.
Мөн хавдрын хэмжээ чухал. Ерөнхийдөө хавдар том байх тусам тархсан байх эрсдэл нэмэгдэж, эмчилгээний үр дүн муудах магадлал өсдөг.
Тамхи татдаггүй хүн яагаад уушгины хорт хавдартай болдог вэ?
Тамхи хамгийн том эрсдэлт хүчин зүйл боловч цорын ганц шалтгаан биш. Удамшил, гэр бүлийн өвчний түүх, орчны бохирдол, зарим химийн бодист удаан хугацаагаар өртөх зэрэг хүчин зүйлс нөлөөлж болно.
Сүүлийн үеийн судалгаагаар EGFR T790M хэмээх ховор генийн өөрчлөлт уушгины хорт хавдрын эрсдэлтэй холбоотой байж болохыг тогтоосон байна.
Эх сурвалжид дурдсанаар энэхүү өөрчлөлттэй хүмүүсийн өвчлөх эрсдэл бусадтай харьцуулахад ойролцоогоор 25 дахин өндөр байсан гэж мэдээлжээ. Харин огт тамхи татаж байгаагүй хүмүүсийн дунд уг өөрчлөлттэй хүмүүсийн эрсдэл генийн өөрчлөлтгүй хүмүүстэй харьцуулахад 62 дахин өндөр байж болох үр дүн гарсан байна.
Гэхдээ генийн өөрчлөлт байна гэдэг нь тухайн хүн заавал хорт хавдартай болно гэсэн үг биш.
Бусад эрсдэлт хүчин зүйлд янжуураас гадна гаанс, сигар, каннабисыг их хэмжээгээр хэрэглэх, дизель хөдөлгүүрийн утаа, радон хий зэрэг орчны нөлөөлөл багтдаг.
Радон нь байгальд үүсдэг цацраг идэвхт хий бөгөөд зарим барилга дотор хуримтлагдаж болдог.
Тамхи татдаггүй хүмүүсийн хувьд өвчин эрт үе шатандаа илрэхгүй өнгөрөх нь бас асуудал болдог. Robinson-ийн хэлснээр ийм өвчтөнүүдийн талаас илүү хувь нь хорт хавдар дөрөвдүгээр үе шатандаа орсны дараа оношлогдох тохиолдол байдаг аж.
Эхний үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
Уушгины хорт хавдар эхний үедээ ихэвчлэн тодорхой шинж тэмдэггүй байдаг. Энэ нь өвчнийг эрт илрүүлэхэд хүндрэл учруулдаг.
Харин шинж тэмдэг илэрвэл ихэвчлэн амьсгалын тогтолцоотой холбоотой байдаг. Үүнд удаан үргэлжилсэн ханиалга, амьсгал давчдах, цустай ханиалгах зэрэг орно.
Мөн ямар нэг тодорхой шалтгаангүй жин буурах нь анхаарах ёстой шинж тэмдэг байж болно. Зарим тохиолдолд удаан үргэлжилсэн толгой өвдөлт зэрэг мэдрэлийн шинж илэрвэл эмчид үзүүлж шалтгааныг нь тодруулах шаардлагатай.
АНУ-ын зөвлөмжөөр өндөр эрсдэлтэй хүмүүсийг 50 наснаас эхлэн бага тунт компьютер томографийн шинжилгээнд хамруулахыг зөвлөдөг.
Үүнд 20 багц-жил болон түүнээс дээш тамхины хэрэглээний түүхтэй одоо тамхи татдаг хүмүүс, мөн сүүлийн 15 жилийн дотор тамхинаас гарсан хүмүүс багтана.
“Багц-жил” гэдэг нь өдөрт нэг хайрцаг тамхи нэг жилийн турш татсантай тэнцэх хэмжүүр юм.
Гэсэн ч шалгуур хангасан хүмүүсийн ердөө 15 орчим хувь нь тогтмол үзлэгт хамрагддаг гэж Robinson хэлжээ.
Цаашид цусны шинжилгээгээр уушгины хорт хавдрын эрт үеийн шинж тэмдгийг илрүүлж, дараа нь компьютер томографийн шинжилгээгээр баталгаажуулах арга хөгжих боломжтой гэж судлаачид найдаж байна.
Ийм арга бодит хэрэглээнд нэвтэрвэл хорт хавдрыг илүү эрт илрүүлж, эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэх боломжтой юм.