С.Бямбацогт УИХ-ын даргаар сонгогдож, 76.3 хувийн дэмжлэг авлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын даргыг сонгох асуудлыг хэлэлцэн, С.Бямбацогтыг олонхийн саналаар сонголоо.

Санал хураалтад нийт 114 гишүүн оролцсоноос 84 нь түүнийг дэмжсэнээр 76.3 хувийн санал авч УИХ-ын даргын албан тушаалд томилогдсон байна.

С.Бямбацогт сонгогдсоныхоо дараа хэлсэн үгэндээ дэлхийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, түүнээс үүдэлтэй эдийн засгийн сорилтууд Монгол Улсад бодитоор тулгарч байгааг онцолжээ. Мөн ийм үед УИХ-ын үүрэг, хариуцлага улам өндөр болж байгааг тэмдэглэсэн байна.

Тэрээр цааш нь амьдралын төлөө зүтгэж буй иргэд, баялаг бүтээгчдийн өмнө тулгамдаж буй асуудлыг ойлгож байгаагаа илэрхийлээд, бүтээлч хөдөлмөр эрхэлж буй хүмүүсээ байнга дэмжиж ажиллана гэдгээ мэдэгдсэн юм.

С.Бямбацогтын хувьд 2008 оноос хойш парламентын таван сонгуульд дараалан ялалт байгуулж, Улсын Их Хурлын гишүүнээр тасралтгүй сонгогдон ажилласан туршлагатай улс төрч юм. Тэр МАН-ын бүлгийн дарга, байнгын хорооны дарга, мөн Засгийн газрын гишүүнээр гурван удаа томилогдон ажиллаж байсан байна.

Ингэснээр УИХ-ын өмнөх даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлснөөс хойш гурав хоногийн дараа парламент шинэ даргаа сонгож байгаа нь энэ боллоо.

С.Бямбацогтын товч намтар

С.Бямбацогт 1998-2000 онд “Ховдын өргөө” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байжээ. Үүний дараа 2000-2006 онд “Нью Прогресс” ХХК-ийн захирал, 2006-2008 онд “Нью Прогресс” группийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2008 онд тус группийн ерөнхийлөгчөөр ажилласан байна.

Тэрээр мөн 2008-2012, 2012-2016, 2016-2020, 2020 оноос хойш, 2024 оноос дахин Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж иржээ. 2013-2016 онд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, 2016-2017 онд Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, 2018-2019 онд Ёс зүйн дэд хорооны дарга, 2019-2020 онд Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажилласан байна.

Мөн 2020-2022 онд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга, 2022-2024 онд Зам, тээврийн хөгжлийн сайд, 2024-2025 онд Батлан хамгаалахын сайд, 2025 оноос Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын албыг хашиж байжээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу