С.Жавхлан Ялалтын талбайд 2026 мод үнэгүй тараана

МУГЖ С.Жавхлан Эх үрсийн баярыг угтан шинэ уран бүтээлээ олон нийтэд хүргэж, маргааш Ялалтын талбайд хамгийн түрүүнд ирсэн 2026 хүнд мод бэлэглэхээр болжээ.

“Энх цагийн дуулал” дуугаа олон нийтэд толилуулна

Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан Эх үрсийн баярт зориулан “Энх цагийн дуулал” нэртэй шинэ дуу бүтээсэн байна. Тэрээр уг уран бүтээлээ маргааш 13:00 цагт Ялалтын талбайд олон нийтэд анхлан хүргэхээр төлөвлөжээ.

Энэхүү арга хэмжээний үеэр тэрээр хамгийн эхэнд хүрэлцэн ирсэн 2026 хүнд мод үнэгүй бэлэглэх юм байна.

2026 оныг бэлгэдэн 2026 мод худалдаж авчээ

С.Жавхлан өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан уг санаачилгынхаа талаар мэдээлсэн байна. Тэрээр 2026 оныг бэлгэдэж, нийт 2026 ширхэг мод худалдан авсан бөгөөд тэдгээрийг иргэдэд бэлэглэж, мод тарихыг уриалах ажээ.

Тэрбээр өөрийн цахим хуудастаа:

“Би гэхдээ энэ сайхан үйл явдлыг мэргэн ухаандаа бодоод олсон юм биш л дээ. “Хүн энэ хорвоо дээр үр удмаа үлдээх, ном бүтээх, мод тарих” гэж ирдэг гэсэн ийм нэг үг байдаг. Яг ийм тохиромжтой өдөр энэ хагас сайн өдөр тохиох юм байна. Тиймээс хэдүүлээ “Эх дэлхий Энх амгалангын төлөө бүгдээрээ мод тарьцгаая” хэмээн уриалж байна. Би 2026 оныг бэлгэдэн 2026 ширхэг мод худалдаж авсан. Иймд маргааш хүрэлцэн ирсэн хүмүүстээ бэлэглэнэ.

Маргааш бүгдээрээ Ялалтын талбай дээр уулзацгаая. Уран бүтээлч дүү нар маант маргааш хүрээд ирээрэй. Чингэлтэй дүүргийнхэн маань СТӨ-нөөсөө дэлгэц, хөгжимөө аваад ирнэ гэсэн. Сайн сайхан зүйл хийхэд хүмүүс маш гоёор хүлээн авч тусладаг юм байна” хэмээн хэлжээ.

Эх дэлхий, энх амгалангийн төлөөх уриалга

Уг үйл ажиллагаа нь зөвхөн шинэ дууны танилцуулга бус, иргэдийг байгаль дэлхийгээ хайрлах, мод тарих, ногоон орчныг нэмэгдүүлэхэд уриалсан арга хэмжээ болох юм.

С.Жавхлан Эх үрсийн баярыг угтан энх цаг, эх дэлхий, үр хүүхдийн ирээдүйтэй холбосон бэлгэдэлт санаачилга гаргаж, олон нийтэд мод бэлэглэхээр болжээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу