Самбалхүндэв буюу нийслэлчүүдийн нэрлэж заншсанаар “Далан давхар”-ын оршуулгын газрын тодорхой хэсгийг чөлөөлж, шарилуудыг нүүлгэн шилжүүлэх ажил ирэх сараас эхлэхээр болжээ.
1930-аад онд байгуулагдсан оршуулгын газар
Самбалхүндэвийн оршуулгын газар нь 1930-аад оны үед байгуулагдсан бөгөөд 1987 онд албан ёсоор хаагдсан байна.
Гэсэн хэдий ч иргэд 2000-аад оны эхэн үе хүртэл бурхан болоочдоо тус газарт нутаглуулсаар иржээ. Одоогоор тус оршуулгын газар нийт 73.9 га талбайг хамардаг.
“Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн” байгуулах ажил үргэлжилж байна
Самбалхүндэвийн оршуулгын газрыг үе шаттайгаар чөлөөлж, “Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн” байгуулах ажлыг өмнө нь эхлүүлсэн билээ.
Эхний шатны төсөл 10 га талбайд 2022-2023 онд хэрэгжиж, амжилттай дууссан байна. Харин одоо дараагийн шатны хүрээнд тусгайлан тогтоосон 8.5 га газарт оршуулсан шарилуудыг нүүлгэн шилжүүлэхээр болжээ.
Нүүлгэн шилжүүлэх ажил наймдугаар сарын 6-наас эхэлнэ
УИХ-ын 2013 оны 23 дугаар тогтоолоор баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”, мөн НИТХ-аас баталсан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд уг ажлыг зохион байгуулж байна.
Мөн НИТХ-ын 2024 оны “Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах журам” батлах тухай 8 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар нүүлгэн шилжүүлэх ажлыг хариуцан зохион байгуулж байгаа юм.
Самбалхүндэв буюу “Далан давхар”-ын оршуулгын тусгайлан тогтоосон 8.5 га талбайд оршуулсан шарилуудыг 2026 оны наймдугаар сарын 6-наас нүүлгэн шилжүүлж эхлэхээр товложээ.
Ар гэрийн санал, хүсэлтийг харгалзана
Шарил нүүлгэн шилжүүлэхдээ бурхан болоочдын ар гэрийн санал, хүсэлтийг харгалзан үзэх юм байна.
Харин мэдэгдэлд заасан хугацаанд ар гэрийнхэн холбоо тогтоогоогүй тохиолдолд холбогдох зан үйлийг гүйцэтгэж, шарилыг чандарлах аж. Улмаар чандрыг Самбалхүндэвийн оршуулгын газарт байрлах “Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн”-ийн суваргад залах зохицуулалттай байна.
Ар гэрийнхэн цахим сангаас хайлт хийх боломжтой
Тухайн байршилд бурхан болооч нь нутаглуулсан иргэд ubcemetery.gov.mn цахим сангаас хайлт хийж, талийгаачийнхаа булш, бунхныг таньж баталгаажуулах боломжтой.
Мөн 2026 оны долдугаар сарын 7-ноос наймдугаар сарын 7-ны хооронд “Улаанбаатар буян” ХХК-ийн байранд ирж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой гэж мэдээлжээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг 72100101 дугаараас лавлах юм байна.


