Самсунгийн гэр бүл $8 тэрбумын өв залгамжлалын татвар төлж, Солонгосын түүхэнд рекорд тогтоолоо

Таван жилийн турш зургаан хэсэгт хуваан төлсөн асар их татвар

Өмнөд Солонгосын хамгийн нөлөө бүхий бизнесийн эзэнт гүрнүүдийн нэг болох Самсунгийн үүсгэн байгуулагч гэр бүл өнгөрсөн долоо хоногт 12 их наяд вон буюу ойролцоогоор $8 тэрбумын өв залгамжлалын татвараа бүрэн төлж дуусгасан байна.

Энэ нь тус улсын түүхэнд бүртгэгдсэн хамгийн өндөр хэмжээний өв залгамжлалын татварт тооцогдож байна.

Самсунг Электрониксийн ерөнхийлөгч И Жэ Ён, түүний ээж Хон Ра Хи болон дүү нар болох И Бү Жин, И Со Хюн нар уг татварыг сүүлийн таван жилийн хугацаанд зургаан удаагийн төлбөрөөр барагдуулжээ.

Тэд 2020 оны аравдугаар сард таалал төгссөн Самсунгийн ерөнхийлөгч асан И Күн Хигийн үлдээсэн хөрөнгийг өвлөж авсан юм.

Самсунг нь Өмнөд Солонгосын хамгийн том бизнесийн групп бөгөөд электроник, хүнд үйлдвэрлэл, барилга, санхүү зэрэг олон салбарт үйл ажиллагаагаа явуулдаг.

И Күн Хи агсан хувьцаа, үл хөдлөх хөрөнгө, урлагийн үнэт цуглуулга зэрэг нийт 26 их наяд воны өв хөрөнгө үлдээсэн гэж мэдээлэгдсэн байна.

Түүнийг нас барсны дараа гэр бүлийнхэн нь “татвар төлөх нь иргэн хүний үндсэн үүрэг” хэмээн мэдэгдэж байжээ.

Төлсөн дүн нь улсын жилийн орлогоос ч давжээ

Самсунг компани өв залгамжлалын татварыг бүрэн төлж дуусгаснаа Ням гарагт зарласан байна. Мэдэгдэлд дурдсанаар, гэр бүлийн төлсөн татварын хэмжээ 2024 онд Өмнөд Солонгосын хэмжээнд төвлөрсөн нийт өв залгамжлалын татварын орлогоос 1.5 дахин их байжээ.

Өмнөд Солонгост өв залгамжлалын татварын хувь хэмжээ 50 хувь хүрдэг бөгөөд энэ нь дэлхийн хамгийн өндөр үзүүлэлтүүдийн нэг юм.

Блүүмбэрг агентлаг Самсунгийн гэр бүлийн нийт хөрөнгийг $45 тэрбум гаруй гэж тооцоолсон байдаг.

Тэдний хөрөнгийн хэмжээ өнгөрсөн онд хоёр дахин гаруй өссөн нь дэлхийн зах зээлд хиймэл оюуны технологийн хөгжил эрчимжиж, үүнтэй холбоотойгоор хагас дамжуулагч чипийн эрэлт огцом нэмэгдсэнтэй холбоотой гэж үзэж байна.

Самсунг группийг 1938 онд одоогийн ерөнхийлөгч И Жэ Ёны өвөг эцэг И Бюн Чул үүсгэн байгуулсан бөгөөд өнөөдөр тус групп Өмнөд Солонгосын эдийн засгийн хамгийн том тулгуур багануудын нэг хэвээр байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу