Цасан хучлагатай байгаль, гэрлэн чимэглэлтэй гацуур, баярын өнгө төрхөө бүрдүүлсэн зах, худалдааны төвүүд Европын өвлийн аяллыг онцгой болгодог. Зул сарын уур амьсгалыг мэдэрч, тав тухтай аялах боломж олгох галт тэрэгний хөтөлбөрүүд тус тив даяар эхэлж байна.
Финланд: Санта Клаусын нутагт хүрэх шөнийн аялал
Финландын «Санта Клаусын буухиа галт тэрэг» нь жилийн төгсгөлийн онцлох аяллуудын нэгт тооцогддог. Хельсинк, Туркугаас хойд нутгийг чиглэх энэ аяллын үеэр зорчигчид хөлдсөн нуур, цасанд хучигдсан ой модыг цонхоороо ажиглах боломжтой. Аз таарвал туйлын туяа ч харагдаж мэднэ.
Шөнийг галт тэргэнд өнгөрүүлээд сэрэхэд Санта Клаусын албан ёсны өлгий нутаг хэмээн нэрлэдэг Рованиеми хотод хүрсэн байна. Аялагчид энд Санта Клаусын тосгоноор зугаалж, түүний шуудангийн салбарт зочлон, хайртай хүмүүстээ захидал илгээж болно.
Швейцар: Альпийн нуруунд Сантагийн өргөөгөөр зочилно
Швейцарт далайн түвшнээс дээш 2000 метрийн өндөрт галт тэргээр гарч, Альпийн нурууны өвлийн үзэмжийг тольдох аялал бий. Женев нуурын эрэг дэх Монтрё хотоос уулын зүг явах зам ойролцоогоор 55 минут үргэлжилдэг.
Аяллын багцад хоёр талын галт тэрэгний тасалбар болон Санта Клаусын өргөөнд нэвтрэх эрх багтсан байна.
Итали: Гурван хотыг холбох тансаг аялал
«La Dolce Vita Orient Express» тансаг галт тэрэг зул сарын баярыг тохиолдуулан тусгай хөтөлбөр санал болгожээ. «Jingle Route» нэртэй аялал Ромоос хөдөлж, Венец, Флоренцээр дайраад эхэлсэн хотдоо эргэн ирэх маршруттай. Нийт гурван өдөр, хоёр шөнө үргэлжилнэ.
Венецэд хүрсний дараа зорчигчид завиар аялж, шинээр нээгдсэн «Orient Express Venezia» зочид буудалд очих аж. Тэнд амьд хөгжим, оройн зоог бүхий баярын арга хэмжээ тэднийг хүлээж байна.
Австри, Чех: Венагаас Прага хүрэх баярын маршрут
«Majestic Imperator» тансаг галт тэрэг арванхоёрдугаар сарын 4–6-нд Австрийн Венагаас Чехийн Прага хотыг чиглэсэн зул сарын тусгай аялал зохион байгуулахаар төлөвлөжээ.
Зорчигчдод аяллын үеэр оргилуун дарс, амьд хөгжмийн тоглолт санал болгож, баярын уур амьсгал бүрдүүлэх юм.
Их Британи: Лондоноос Батын зул сарын захыг зорино
Их Британийн «Belmond» компанийн «British Pullman» тансаг галт тэрэг арваннэгдүгээр сарын 28-нд эхний аялалдаа гарахаар болжээ.
Лондоноос хөдлөх тус галт тэрэг Бат хотод хүрэх бөгөөд зорчигчид тэндхийн алдарт зул сарын захаар зочлох боломжтой байна.
Норвеги: Долоон цагт өвлийн байгалийг тольдох нь
Норвегийн төрийн өмчит «Vy» компанийн аялал өвлийн байгалийн олон янзын дүр төрхийг нэг маршрутаар үзэх боломж олгодог. Галт тэрэг Ослогоос баруун эргийн Берген хот хүртэлх ойролцоогоор 500 километр замыг долоон цагт туулна.
Энэ хугацаанд зорчигчид Европын өндөрлөг бүсүүдийн нэг Хардангервидда, мөсөн голын үзэмжтэй Финсе өртөө, цанын баазаараа алдартай Гейло хотыг харж өнгөрөх аж.
Эх сурвалж: Euronews