Ш.Хүслэн дэлхийн тайзнаа Монголын нэрийг гаргаж, “Miss International 2026”-д өрсөлдөж байна

Монгол Улсын төлөөлөгч Ш.Хүслэн 64 дэх удаагийн “Miss International” тэмцээнд оролцож, дэлхийн олон орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөж байна. Тэмцээний финал арваннэгдүгээр сарын 25-нд Японы Токио хотын Kanadevia Hall-д болох бөгөөд энэ үеэр шинэ титмийн эзэн тодрох юм.

Үндсэн шалгаруулалтаас өмнө “Miss International Official Fan Vote” нэртэй олон нийтийн онлайн санал хураалт эхэлсэн байна. Энэхүү санал хураалт нь шүүгчдийн онооноос тусдаа явагдаж, оролцогчдын олон улсын дэмжлэгийг тодорхойлох зорилготой. Бүс нутгийн шатанд хамгийн олон санал авсан оролцогчид цаашдын шалгаруулалтад давуу боломж авах зохицуулалттай аж.

Гоо үзэсгэлэнгээс илүү өргөн утгатай тэмцээн

“Miss International” анх 1960 онд АНУ-ын Калифорни мужийн Лонг-Бич хотод зохион байгуулагдаж эхэлсэн түүхтэй. Өдгөө олон улсын хамгийн нэр хүндтэй гоо бүсгүй шалгаруулах тэмцээнүүдийн нэг болсон бөгөөд зөвхөн төрх, хувцаслалт, тайзны үзүүлбэрээр оролцогчдыг үнэлдэггүй.

Тус тэмцээний гол үзэл санаанд улс орнуудын найрамдал, соёлын солилцоо, энх тайван, харилцан ойлголцлыг дэмжих зорилго багтдаг. Тиймээс оролцогчдыг “Гоо үзэсгэлэн, энх тайвны элч” хэмээн нэрлэдэг.

Миссүүд тэмцээний хугацаанд эх орныхоо соёл, уламжлал, түүхийг танилцуулахаас гадна нийгмийн сайн сайхны төлөөх ажил, хүмүүнлэгийн арга хэмжээ, олон улсын форум, мод тарих зэрэг хөтөлбөрт оролцдог уламжлалтай.

Ингэснээр тэмцээн нэг удаагийн титмийн өрсөлдөөнөөс илүүтэй оролцогчдын нийгмийн оролцоо, үзэл бодол, харилцааны ур чадвар, өөрийн улсаа хэрхэн төлөөлж байгааг үнэлдэг томоохон талбар болон хөгжжээ.

Өнгөрсөн жилийн тэмцээнд Колумбын Каталина Дуке тэргүүн байр эзэлсэн бол 2024 оны ялагчаар Вьетнамын Хюинь Тхи Тхань Тхюй тодорч байв. Венесуэл, Филиппин зэрэг улс тус тэмцээнд олон удаа өндөр амжилт гаргасан орнуудын тоонд ордог.

Монгол Улс ч “Miss International”-д олон жил төлөөлөгчөө илгээж ирсэн бөгөөд 2011 онд И.Төгсөө хоёрдугаар байр эзэлсэн нь одоог хүртэл онцлох амжилтуудын нэг хэвээр байна.

Ш.Хүслэн “Miss Mongolia 2026”-ийн тэргүүн титэмтэй

Энэ удаа Монгол Улсын нэрийн өмнөөс өрсөлдөж буй Ш.Хүслэн хувцас дизайнер мэргэжилтэй. Тэрээр загвар өмсөгч, контент бүтээгчээр ажиллахаас гадна бизнес хөгжлийн чиглэлээр мөн үйл ажиллагаа явуулдаг байна.

Ш.Хүслэн “Miss Mongolia 2026” тэмцээнд түрүүлж, үндэсний ялагчаар шалгарснаар Монгол Улсаа “Miss International 2026”-д төлөөлөх эрхээ авсан юм.

Тэрээр өмнө нь “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлагадаа тэмцээний ач холбогдлын талаар:

“Олон жилийн тасралтгүй зохион байгуулагдсаар ирсэн эдгээр миссийн тэмцээн нь эх дэлхийн амар амгалан, олон улсын эв найрамдалд бүсгүй хүний гоо сайхнаар дамжуулан хүрч байдаг. Түрхэн зуур ч болов гэрэл гэгээтэй сайхан зүйлд дэлхий нийтээрээ анхаарлаа хандуулаасай гэж хүсдэг. Мөн мисс гэх алдар тухайн хүнийг насан туршид нь дагаж явах цол учир насан туршдаа бусдад зөвөөр үлгэрлэсэн нэгэн байхыг хичээж, суралцаж явна”

хэмээн ярьсан байна.

Онлайн санал хураалт оролцогчдын өрсөлдөөнд чухал байр суурь эзэлнэ

Энэ жилийн “Miss International Official Fan Vote” нь оролцогчдыг өөрийн орноос гадна дэлхийн хаанаас ч дэмжих боломж олгож байгаа юм.

Олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд оролцоно гэдэг нь зөвхөн нэг хүний хувийн амжилт биш. Оролцогч бүр үндэсний хувцас, соёл, уламжлал, урлаг, бүтээлч үйлдвэрлэл, нийгмийн үнэт зүйлсээ олон улсад танилцуулах боломжтой байдаг.

Иймээс Ш.Хүслэнд өгсөн олон нийтийн санал бүр Монголын төлөөлөгчийн байр суурийг нэмэгдүүлэхээс гадна эх орныхоо нэрийг олон улсын тавцанд илүү өргөн хүрээнд хүргэх нэг хэлбэр болж байна.

Ш.Хүслэнд санал өгөх дараалал

Санал өгөх хэрэглэгч “Miss International” тэмцээний албан ёсны аппликейшнийг гар утсандаа татан суулгана.

Дараа нь 2026 оны оролцогчдын жагсаалтаас “Mongolia” эсвэл “Khuslen Shirendev” гэсэн нэрээр хайж, Ш.Хүслэнгийн профайлыг сонгох боломжтой.

Үүний дараа санал өгөх хэсгийн зааврыг дагаж, боломжит саналын багц болон төлбөрийн нөхцөлийг шалган баталгаажуулснаар санал бүртгэгдэх юм.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу