Олон улсын хямрал Монголын шатахууны зах зээлд хүчтэй нөлөөлж болзошгүй байна
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар олон улсын түвшинд үүсээд буй хямрал, түүнээс шалтгаалан үүсэх эрсдэл, мөн дотоодын нийгэм, эдийн засгийн салбарт авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар хэлэлцжээ. Энэ үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр нөхцөл байдлын талаарх танилцуулгыг гишүүдэд хүргэсэн байна.
Танилцуулгын дараа бүлгийн гишүүд санал, байр сууриа илэрхийлж, үүсэж болзошгүй эрсдэлийн талаар хэлэлцсэн байна. Улмаар энэ асуудлыг дараагийн шатанд Засгийн газрын ээлжит хуралдаанаар авч хэлэлцээд, дараа нь УИХ-ын нэгдсэн хуралдаанд оруулахаар төлөвлөжээ.
Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээгээ бүхэлд нь импортоор хангадаг хэвээр байгаа нь өнөөгийн нөхцөлд хамгийн эмзэг асуудлын нэг болж байна. Одоогийн байдлаар АИ-92 шатахууны 42 хоногийн, АИ-95 шатахууны 73 хоногийн, дизель түлшний 27 хоногийн, шингэрүүлсэн шатдаг хийн 40 хоногийн, ТС-1 түлшний 25 хоногийн нөөц бүрдээд байгаа аж.
Хаврын тариалалтад дизель түлш нөөцөлж, үнийн дарамтыг хязгаарлахаар болов
Засгийн түвшинд хаврын тариалалтын үеийн хэрэгцээнд зориулан 10 мянган тонн дизель түлш нөөцөлж, өртөг нь өсөөгүй үнээр тариаланчдад нийлүүлэхээр болсон байна. Ингэснээр газар тариалангийн салбарт үнийн өсөлтийн дарамт үүсгэхгүй байх, цаашлаад хүнсний бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгахад нөлөөлнө гэж үзэж байгаа юм.
Гэхдээ цаашдын нөхцөл байдал илүү түгшүүртэй дүр зурагтай байна. Тодруулбал, шатахууны үнэ ирэх хугацаанд 2.5 дахин өсөх, үүнтэй зэрэгцэн гадаад валютын урсгалын дарамт улам нэмэгдэх эрсдэлтэй байгааг онцолжээ. Ийм нөхцөлд шатахууны нийлүүлэлтийг тасалдуулахгүй хэвийн үргэлжлүүлэх, мөн үнийн өсөлтийг тодорхой түвшинд хязгаарлан барих нь онцгой чухал асуудал болж байгааг МАН-ын бүлгийн зүгээс анхааруулсан байна.