Их эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, «Монгол бахархлын өдөр» маргааш тохионо. Монгол түмний мөнхийн бахархал, мянганы суут хүмүүн Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан Шинжлэх ухааны академийг төрийн дээд шагналаар шагнахаар болжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Судар бичгийн хүрээлэнгээс үүсэлтэй тус байгууллагад «Чингис хаан» тэргүүн зэргийн одон хүртээхээр шийдвэрлэсэн байна.
Үндэсний эрдэм судлалын хөгжилд оруулсан гавьяаг нь үнэлэв
Монголчуудын эрдэм мэдлэгийг дээдэлж, эрдэмтэн мэргэдээ хүндэтгэдэг уламжлалыг орчин үеийн шинжлэх ухаантай холбон хөгжүүлсэн хувь нэмрийг нь энэхүү шагналаар үнэлж байгаа юм.
Шинжлэх ухааны академи үндэсний судалгааны чадавхыг бүрдүүлэх, эх хэл, түүх, соёлын өвийг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах, олон улсад таниулах, улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах чиглэлээр түүхэн үүрэг гүйцэтгэж иржээ.
Зуу гаруй жилийн турш үндэсний эрдэм судлалын залгамж холбоог хадгалж, олон салбарыг хамарсан орчин цагийн шинжлэх ухааны тогтолцоог төлөвшүүлэхэд тус академи голлох байр суурь эзэлсэн байна.
Судар бичгийн хүрээлэнгээс эхэлсэн түүх
1921 онд байгуулагдсан Судар бичгийн хүрээлэн нь Монголын үндэсний шинжлэх ухааны байгууллагын үндэс суурь болжээ. Тус байгууллага хөгжлийнхөө явцад дараах нэрээр үйл ажиллагаа явуулсан байна:
- 1931 онд — Шинжлэх ухааны хүрээлэн;
- 1957 онд — Шинжлэх ухаан, дээд боловсролын хүрээлэн;
- 1961 онд — БНМАУ-ын Шинжлэх ухааны академи;
- 1992 оноос — Монгол Улсын Шинжлэх ухааны академи.
Академи байгуулагдсанаар түүх, хэл бичиг, утга зохиол, эдийн засаг, байгалийн ухааны судалгаа өргөжжээ. Үүний зэрэгцээ хөдөө аж ахуй, анагаах ухааны байгууллагуудын судалгааны чадамж нэмэгдэж, байгаль, техникийн ухааны хүрээлэнгүүд бий болсон байна.
Суурь болон хэрэглээний судалгааг уялдуулах, үндэсний судлаачдыг сургах, эрдэм шинжилгээний хамтлагуудыг бүрдүүлэх, олон улсын хамтарсан судалгааг тогтмолжуулах ажлууд нь дараагийн үеийн амжилтын тулгуур болжээ.
Монгол судлалыг олон улстай холбосон төв
ШУА Олон улсын монголч эрдэмтдийн их хурлыг тогтмол зохион байгуулж, өрнө, дорнын судлаачидтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж ирсэн байна. Ингэснээр Монгол Улс монгол судлалын олон улсын хамтын ажиллагааны чухал төв болон хөгжжээ.
Энэ ажил нь монголчуудын түүх, хэл, соёлын өвийг шинжлэх ухааны үндэслэлээр тайлбарлах, үндэсний ой санамжийг хамгаалах, дэлхий нийтэд таниулахад чухал ач холбогдолтой юм.
Судалгааны үр дүнд Монгол нутагт 800 мянган жилийн өмнө эртний хүн амьдарч байсныг тодорхойлж, монгол угсаатан Хүрэл зэвсгийн хожуу үед бүрэлдсэнийг тогтоожээ. Мөн нүүдэлчдийн амьтны загварт урлаг Монголоос гаралтайг баримтаар нотолсон байна.
Эртний хотуудын судалгаа, өвийн бүртгэлийг өргөжүүлжээ
Хүннү, Жужан, Уйгар, Түрэгийн хаант улсын үеийн хот суурин, Чингис хааны анхны нийслэл Аураг балгас, Монголын эзэнт гүрний нийслэл Хархорумын судалгааг шинэ түвшинд хүргэсэн байна.
Түүнчлэн түүх, соёлын 100 гаруй мянган дурсгалт газрын мэдээллийг нэгтгэсэн сан байгуулжээ. Түүхэн дурсгалт газруудыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэх, Монголын түүхийг харуулсан үзэсгэлэнг гадаадын орнуудад тогтмол дэлгэх чиглэлээр ч ажилласан байна.
Монголын эрдэмтэд гадаадын мэргэжил нэгтнүүдтэйгээ олон удаагийн хээрийн судалгааг хамтран хэрэгжүүлжээ. Эдгээр ажлын хүрээнд геологи, палеонтологи, геофизик, биологи, эртний түүхийн ховор олдвор, судалгааны хэрэглэгдэхүүнийг илрүүлэн цуглуулж, шинжилсэн байна.
Үүний үндсэн дээр онол, практикийн ач холбогдолтой шинэ дүгнэлт, таамаглал, тодорхойлолт дэвшүүлж, хамтын болон нэг сэдэвт олон арван бүтээл туурвин, газрын зураг, карт боловсруулснаар дэлхийн шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулжээ.
Сансар судлалын эхлэлийг тавилцсан байгууллага
Монгол Улс 1970-аад оны эхээр «Интеркосмос», «Интерспутник» байгууллагад нэгдсэнээр үндэсний сансар судлалын хөгжил эхэлсэн юм. Улмаар 1981 онд монгол хүн сансарт ниссэн түүхэн үйл явдалд ШУА томоохон хувь нэмэр оруулжээ.
Өнөөдөр тус академи 35 улсын 150 гаруй шинжлэх ухааны академи, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран ажиллаж байна.
Хамтарсан судалгаа, эрдэмтдийн солилцоо, олон улсын хэвлэлд нийтэлсэн бүтээлүүд нь Монгол орны талаарх мэдлэгийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ дотоодын судлаачдын чадавхыг бэхжүүлж, үндэсний шинжлэх ухааны нэр хүндийг өсгөж байгаа аж.
150 гаруй технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэв
Байгалийн ухааны салбарын эрдэмтэд Монгол орны ургамал, амьтан, эрдсийн гаралтай түүхий эд болон тэдгээрийг боловсруулах технологийн онол, хэрэглээний судалгааг хийжээ.
Эдгээр ажлын үр дүнд үндэсний болон олон улсын хэмжээнд оюуны өмчийн 300 гаруй эрх баталгаажуулж, технологийн заавар, техник, эдийн засгийн үндэслэл зэрэг 500 гаруй баримт бичиг боловсруулсан байна. Мөн 150 гаруй технологийг үйлдвэрлэлийн хэрэглээнд нэвтрүүлжээ.
Судлаачид биологийн олон янз байдал, амьтан, ургамлын экосистем, бичил биетний биологи, экологи, генетикийн зүй тогтлыг судалж ирсэн юм. Үүн дээр тулгуурлан биологийн нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулсан байна.
Мөн хавдрын молекул механизм, генетикийн шалтгааныг тодорхойлох, биологийн идэвхтэй шинэ эмт бодис илрүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи бий болгох чиглэлээр ажиллажээ.
Шинэ нэгдэл, ургамлын зүйлүүдийг нээн бүртгүүлжээ
Амьтны ангилал зүй, экологи, биологи, генетикийн судалгааны мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлсэн байна. Түүнчлэн байгалийн 200 гаруй шинэ нэгдэл, ургамлын 70 орчим зүйлийг анх илрүүлж, дэлхийн мэдлэгийн санд бүртгүүлжээ.
Ховор болон нэн ховор эмийн ургамлын генофондыг хамгаалах, нөөцийг нь нэмэгдүүлэхэд ч эрдэмтэд чухал хувь нэмэр оруулсан байна.
Палеонтологийн салбарт Монголын эртний тэнгис, нуур, эх газрын хурдас чулуулагт хадгалагдсан амьтан, ургамлын үлдэгдлийг илрүүлэн судалжээ. Тэдгээрийн удам төрлийн холбоог нарийвчлан тодорхойлж, олон улсын түвшинд баталгаажуулахын зэрэгцээ эртний уур амьсгал, хүрээлэн буй орчныг шинжилсэн байна.
Био давхарга зүйн нэгжүүдийг тогтоож, эртний амьтан, ургамлын анхдагч болон харьцуулалтын жишиг цуглуулгыг бүрдүүлэн баяжуулсан нь Монголын палеонтологийн судалгааг дэлхийд өндөр үнэлэгдэхэд нөлөөлжээ.
Физикийн судалгаанд шинэ чиглэл хөгжүүлсэн байна
Физикийн зарим чиглэлийн судалгаа олон улсын түвшинд хүрсэн байна. Тухайлбал, квант орны онолд харьцангуй бага судлагдсан эгэл уртын бага масштаб дахь огторгуйн геометр бүтцийг «стохастик ба квант шинж чанартай» гэж үзсэн таамаглал дэвшүүлжээ.
Энэ үндэслэлээр классик болон квант орны онол боловсруулсан нь физикийн шинжлэх ухаанд шинэ чиглэл бий болгосон байна.
ШУА-ийн 16 эрдэм шинжилгээний хүрээлэнд шинжлэх ухааны докторын зэрэгтэй 50 гаруй, докторын зэрэгтэй 280 гаруй эрдэмтэн, судлаач ажиллаж байна. Тэд олон улсын өндөр зэрэглэлийн сэтгүүлд 3,800 гаруй өгүүлэл нийтлүүлсэн бөгөөд эдгээр бүтээлээс 90 гаруй мянган удаа эшилжээ.
«Чингис хаан» одонг өмнө нь хэн хүртсэн бэ?
Төрийн дээд энэхүү одонг дараах эрхмүүд, байгууллага, хамтлагуудад хүртээж байжээ:
- 2005 он: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат.
- 2006 он: Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав.
- 2009 он: Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн.
- 2010 он: Төр, нийгмийн зүтгэлтэн, Шинжлэх ухааны гавьяат ажилтан Р.Гончигдорж.
- 2011 он: Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди.
- 2012 он: УИХ-ын дарга асан, гавьяат эдийн засагч Д.Дэмбэрэл.
- 2013 он: Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном.
- 2014 он: Эрдэмтэн, физикч, академич Х.Намсрай.
- 2015 он: Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо.
- 2016 он: Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Г.Ариунбаатар.
- 2017 он: Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаяр.
- 2019 он: The Hu хамтлаг.
- 2021 он: Сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа.
- 2021 он: Монгол Улсын Зэвсэгт хүчин.
- 2022 он: Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор, профессор Д.Доржготов болон АНУ-ын эрдэмтэн, доктор, профессор Jack Weatherford.
- 2023 он: Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулга.
- 2024 он: НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Ban Ki-moon.
- 2025 он: Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, МУИС-ийн эмерит профессор, Японы Нагояагийн их сургуулийн хүндэт доктор, ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич С.Нарангэрэл.
Ямар гавьяаг «Чингис хаан» одонгоор үнэлдэг вэ?
«Чингис хаан» тэргүүн зэргийн одонг Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэхэд онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын иргэн, хамтлаг, хуулийн этгээдэд олгодог.
Мөн хүмүүнлэг, ардчилсан нийгмийг хөгжүүлэх, нийгмийн дэвшлийг хангах, төрт ёс, түүх, соёлын уламжлалаа гүнзгийрүүлэн судлах, хойч үед өвлүүлэх, гадаад орнуудад таниулах үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмрийг энэхүү шагналаар үнэлдэг байна.
Гадаадын төр, нийгмийн зүтгэлтэн болон иргэдийн хувьд улс түмний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, хүн төрөлхтний энх амгаланг бэхжүүлэх, Монгол Улстай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх гавьяаг харгалздаг аж.
Түүнчлэн Монгол Улсын нэр хүндийг дэлхий дахинд өргөх, эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд бодит хувь нэмэр оруулсан гадаадын иргэдийг уг одонгоор шагнадаг юм.