Орой унтахын өмнө эсвэл шөнийн цагаар хооллох зуршил нь элэгний зарим өвчний эрсдэлтэй холбоотой байж болохыг олон жилийн ажиглалтын судалгаа харуулжээ. Бараг 200 мянган хүнийг 16 жилийн хугацаанд дагаж судалсан дүнгээр оройн хоолноос хойш дахин иддэг хүмүүсийн дунд бодисын солилцооны алдагдалтай холбоотой элэг өөхлөх өвчин болон элэгний хатуурал илүү түгээмэл тохиолдсон байна.
Судалгаанд нийт 199,155 хүн оролцсон бөгөөд тэдний дундаж нас 59 байжээ. Судлаачид хүмүүсийн хоол иддэг цагийг элэгний эрүүл мэндийн үзүүлэлтүүдтэй харьцуулан шинжилсэн байна.
Үр дүнгээс харахад унтахынхаа өмнө, эсвэл оройн хоол болон унтах цагийн хооронд нэмэлт хоол иддэг хүмүүсийн элэгний хатууралтай болох эрсдэл 28 хувиар өндөр байжээ.
Мөн бодисын солилцооны алдагдалтай холбоотой элэг өөхлөх өвчний эрсдэл 36 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарсан байна.
Энэ холбоо нь нас, биеийн жингийн индекс, хөдөлгөөний идэвх зэрэг хэд хэдэн хүчин зүйлийг тооцсоны дараа ч хэвээр үлджээ.
Гэхдээ судлаачид энэ үр дүн нь “шөнө идэх нь элэгний өвчнийг шууд үүсгэдэг” гэдгийг баталж байгаа хэрэг биш гэдгийг онцолсон байна. Өөрөөр хэлбэл, судалгаа нь холбоо хамаарал илрүүлсэн болохоос шалтгаан, үр дагаврыг эцэслэн тогтоогоогүй юм.
Яагаад орой идэх нь элэгт нөлөөлж болох вэ?
Судлаачдын үзэж буйгаар үүнд хүний биеийн циркадиан хэмнэл буюу дотоод биологийн цаг нөлөөлж байж магадгүй.
Элэг зэрэг олон эрхтэн өдөр, шөнийн мөчлөгтэй уялдан өөр өөр горимоор ажилладаг. Тиймээс хоол боловсруулах, цусан дахь сахрын түвшинг зохицуулах, холестерины солилцоог хянах чадвар нь өдрийн цаг болон шөнийн турш ижил биш байж болох юм.
Шөнө орой идэх үед бие махбод хоол боловсруулахад өдрийн үеийнхтэй адил үр ашигтай ажиллахгүй байх магадлалтай гэж үздэг. Гэсэн ч энэ механизмыг бүрэн нотлохын тулд нэмэлт судалгаа шаардлагатай хэвээр байна.
Судалгаанд нойрны үргэлжлэх хугацаа, унтах цаг, нойрны чанар зэрэг зарим чухал хүчин зүйлийг бүрэн тооцоогүй нь мөн хязгаарлалт болжээ.
Тухайлбал, шөнө орой хооллодог хүн нойр дутуу, ээлжийн ажилтай, стресс өндөртэй эсвэл өөр амьдралын хэв маягтай байж болох бөгөөд эдгээр нь өөрсдөө элэгний эрүүл мэндэд нөлөөлөх боломжтой.
Элэг өөхлөх өвчин хүндэрвэл хатууралд хүрч болно
Бодисын солилцооны алдагдалтай холбоотой элэг өөхлөх өвчин нь элэгний эсүүдэд өөх тос хэт хуримтлагдах үед үүсдэг. Энэ нь ихэвчлэн илүүдэл жин, инсулины тэсвэржилт, цусан дахь сахарын өөрчлөлт, өөх тосны солилцооны эмгэгтэй хавсарч илэрдэг.
Зарим хүнд өвчин удаан хугацаанд шинж тэмдэг багатай явж болох ч тодорхой тохиолдолд үрэвсэл, сорвижилт үүсгэж, цаашлаад элэгний хатууралд хүрэх эрсдэлтэй.
Иймээс судлаачид зөвхөн “юу идэх вэ?” гэдгээс гадна “хэзээ идэх вэ?” гэдэг асуудлыг ч элэгний эрүүл мэндтэй холбон илүү нарийвчлан судлах шаардлагатай гэж үзэж байна.
Цаашдын судалгаанд өөр өөр нас, үндэс угсаа, амьдралын хэв маягтай хүмүүсийг хамруулж, элэгний дүрс оношилгоо болон биомаркерын шинжилгээг ашиглах шаардлагатай гэжээ.
Одоогийн үр дүнгээр оройн хоолны дараа байнга нэмэлт хоол идэх зуршлыг элэгний өвчний шууд шалтгаан гэж үзэх боломжгүй ч унтахын өмнөх хооллолтын цаг, хэмжээ, давтамжид анхаарах нь эрүүл амьдралын хэв маягийн нэг хэсэг байж болох юм.