Скүүтерээр зөвхөн автозамын нэгдүгээр эгнээгээр зорчих зохицуулалт яригдаж байна

Авлигатай тэмцэх газар нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд мопед, скүүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг хязгаарлалттайгаар оролцуулах, зөвшөөрөл олгох чиглэлээр баталсан Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/387, А/552 дугаар захирамжийг хянажээ. Улмаар эдгээр захирамжийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэх хүртэл энэ төрлийн үйл ажиллагаа явуулахгүй байх талаар Нийслэлийн Засаг даргад 2026 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр албан бичиг хүргүүлсэн байна.

Дээрх захирамжуудаар нийтийн эзэмшлийн талбай ашиглан цахилгаан мопед түрээслүүлэх үйл ажиллагаа явуулах энгийн зөвшөөрлийг нэр бүхий зургаан аж ахуйн нэгжид олгосон байжээ. Гэвч уг энгийн зөвшөөрөл өмнө нь олгогдож байгаагүй, хүний амь нас, эрүүл мэндийн аюулгүй байдлыг хамгаалах шаардлагатай эсэх, мөн зөвшөөрлийн жагсаалттай давхардах, уялдах эсэх нь тодорхойгүй байсан аж.

Түүнчлэн Улаанбаатар хотын хэмжээнд унадаг дугуй, мопед, скүүтер зорчих хэсэг, эгнээ, хөвөө, зогсоол, тусгаарлалт, зөвшөөрсөн болон хориглох тэмдэг, тэмдэглэгээг стандартын дагуу байршуулах ажлыг бүрэн зохион байгуулаагүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Мөн мопед, скүүтерийг бүртгэлжүүлэх эрх зүйн зохицуулалт байхгүй, зөвшөөрлийн улсын тэмдэгт, татвар, төлбөр, хураамжийн хэмжээ тодорхойгүй, мопед болон скүүтер нь одоогоор ямар төрлийн тээврийн хэрэгсэлд хамаарахыг хууль тогтоомжид тодорхойлоогүй байжээ. Үүнээс гадна нийслэлийн хэрэгжүүлэгч агентлагууд хуулиар олгоогүй эрхийг хэрэгжүүлсэн зэрэг зөрчил илэрсэн байна.

АТГ-аас хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хамгаалахад шинээр бий болгох зөвшөөрөл шаардлагатай эсэхийг харгалзан дүгнэлт гаргах, энэ төрлийн зөвшөөрлийн нэршил, хамрах хүрээг сайтар нягталж хуульд нийцүүлэх, эрх бүхий этгээдээр шийдвэр гаргуулах шаардлагатайг мэдэгдсэн байна. Мөн мопед, скүүтерээр зорчих чиглэл, байршил, гудамж, талбай, замын трассыг тодорхой болгох хүртэл олгогдсон энгийн зөвшөөрлийн хэрэгжих хугацааг хойшлуулах, дээрх нөхцөл байдал арилсны дараа үйл ажиллагаа явуулахыг анхааруулжээ.

АТГ-аас хүргүүлсэн албан бичгийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2026 оны зургаадугаар сарын 2-ны өдрийн А/820 дугаар захирамжаар мопед, скүүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг хязгаарлалттайгаар хөдөлгөөнд оролцуулах, зөвшөөрөл олгох тухай А/387, А/552 дугаар захирамжуудыг хүчингүй болгосон талаар эргэн мэдэгдсэн байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу