Э.Амартүвшин дахин дэлхийн №1 баритон дуучнаар нэрлэгдлээ

Монгол Улсын Ардын жүжигчин Э.Амартүвшин дэлхийн шилдэг баритон дуучдын шинэчилсэн чансааг дахин тэргүүлжээ.

Дуурийн урлагийн мэдээ, судалгаа, уран бүтээлчдийн талаарх мэдээлэл хүргэдэг Opera World платформ “Top Baritone Ranking” жагсаалтаа шинэчлэн гаргасан бөгөөд Э.Амартүвшин 6100 оноогоор нэгдүгээр байрт бичигдсэн байна.

Тэрбээр тус чансааг анх 2023 онд тэргүүлж байсан бөгөөд 2025, 2026 онд ч байр сууриа хадгалж, дэлхийн шилдэг баритонуудын тэргүүн эгнээнд тогтвортой үлджээ.

Шинэчилсэн жагсаалтад Италийн баритон Лука Салси 5800 оноогоор хоёрдугаар байрт орсон бол Хью Монтегю Рендалл 4700 оноогоор гуравдугаар байрт жагссан байна.

Ингэснээр Э.Амартүвшин дэлхийн нэр хүндтэй дуурийн тайзнаа үзүүлсэн тоглолт, уран бүтээлийн амжилтаараа олон улсын шилдэг баритон дуучдын дундаас дахин тэргүүн байр эзэлж байгаа юм.

Э.Амартүвшин сүүлийн жилүүдэд Европ болон дэлхийн томоохон дуурийн театруудын тайзнаа тогтмол уригдан дуулж, Монголын дуурийн урлагийг олон улсад төлөөлсөөр ирсэн билээ.

Түүний дэлхийн чансааг дахин тэргүүлсэн амжилт нь зөвхөн хувийн уран бүтээлийн замналын томоохон үзүүлэлт төдийгүй Монголын сонгодог урлагийн нэр хүндийг олон улсын тавцанд бататгасан үйл явдал болж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу