Тайваньд хантавирусийн халдвар бүртгэгдсэний дараа нохой тэжээгчид тэжээвэр амьтдаа тусгай торон масктай зугаалуулах болжээ. Учир нь хотын гудамж, талбайд хулгана устгах хор байрлуулж эхэлсэнтэй холбоотойгоор нохой хор долоох, идэх эрсдэл нэмэгдсэн байна.
Энэ хавар Тайваньд хантавирусийн хоёр тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас баржээ. Тайбэй хотын Даань дүүргийн 70 настай эрэгтэй нас барсны дараах шинжилгээгээр хантавирусийн халдвартай байсан нь тогтоогдсон байна. Мөн түүний гэрийн ойролцоо барьсан хулганаас ижил вирус илэрчээ.
Үүний дараа Тайбэй хотын захиргаа яаралтай арга хэмжээ авч, хот даяар мэрэгч устгах ажлыг эхлүүлсэн байна. Ариун цэврийн албанаас гудамж, нийтийн эзэмшлийн талбайд хулганын хор байрлуулж эхэлжээ.
Гэвч энэ шийдвэр нохой тэжээгчдийн дунд түгшүүр төрүүлсэн байна. Хулганын хор нь дотоод цус алдалт үүсгэж, амьтанд үхлийн аюултай тул нохой салхинд гарахдаа газраас хор идэх, долоох эрсдэлтэй гэж тэд үзжээ.
Ингээд Тайваньд нохойдоо ам, хамрыг нь хамгаалах торон маск зүүлгэх явдал түгээмэл болж эхэлсэн байна. Ийм маск нь нохой амьсгалах, хуцах, харахад саад болохгүй ч газраас зүйл авч идэхээс сэргийлдэг аж.
Масктай нохдыг харсан зарим хүн “зөгийчин”, “туялзуур сэлэмний тамирчин” хэмээн хошигнож байгаа ч одоогоор хулганын хорноос хамгаалах илүү үр дүнтэй арга олдоогүй хэвээр байна.