“Танил уяач” шоу Монгол HD, TV8 сувгаар үзэгчдэд хүрнэ

“Physical Asia” төслийн гадаад оролцогчид Монголын хурдан морь уях уламжлал, морьтны соёл, үндэсний ахуйтай хэрхэн танилцаж буйг харуулах “Танил уяач” реалити шоу долоодугаар сарын 5-наас Монгол HD телевизээр үзэгчдийн хүртээл болох гэж байна. Мөн долоодугаар сарын 6-наас TV8 сувгаар цацагдаж эхэлнэ.

Нийт найман дугаар үзэгчдэд хүрнэ

“Танил уяач” реалити шоу нь нийт найман дугаартайгаар бэлтгэгдсэн байна.

Төслийн удирдагч, ерөнхий продюсероор Э.Батхүү ажилласан бол төслийн продюсероор Гавьяат жүжигчин Д.Отгонбаяр, төслийн координатороор Б.Наранбадрах ажиллажээ.

Мөн найруулагч, редактороор Ц.Дуня, зураглаачаар Э.Хүүхэнхүү, М.Ганбаяр, Ч.Дарханбаяр, А.Хурцбаатар, эвлүүлэгчээр Б.Бат-Эрдэнэ нар ажилласан байна. Харин шоуны хөтлөгчөөр Ц.Дуня, Б.Наранбадрах, М.Батчулуун нар оролцжээ.

Гадаад оролцогчид Монгол морьтны соёлтой танилцана

Тус шоунд “Physical Asia”-гийн оролцогчид болох БНСУ-ын алдарт жүжигчин Чой Жоль Ху, Филиппин-Америкийн холимог тулааны мэргэжлийн тамирчин Марк Мүгэн, Филиппин-Австралийн тамирчин Жастин Ковэни, Өмнөд Солонгосын тамирчин Жан Ын Шиль нар оролцож байна.

Мөн Австралийн тамирчин, контент бүтээгч Дом Томато, Австралийн фитнессийн тамирчин, дасгалжуулагч Кателин Ван Зил, Австралийн регбигийн тамирчин Элони Вунакейс нар Монгол ахуй, хурдан морь уях уламжлалтай танилцах юм.

Тэд монголчуудын морь уях арга барил, уяа сойлго тааруулах онцлог, хурдан морины соёлын үнэ цэнтэй танилцахаас гадна өөр хоорондоо өрсөлдөх аж.

Монгол оролцогчид өв соёлоо таниулна

Шоунд Монголын талаас Гавьяат жүжигчин Л.Банзрагч, Э.Төрмандах, А.Хосбаяр, Н.Мөнгөншагай, Б.Буянжаргал, Л.Сүхбаатар, Д.Эрдэнэ-Очир, Э.Дашням нар оролцож байна.

Тэд гадаад оролцогчдод Монголын өв соёл, морь уях уламжлал, наадмын уур амьсгал, монгол ахуйн онцлогийг танилцуулах юм.

Хэний уясан морь түрүүлэх вэ?

“Танил уяач” шоуны гол сонирхол нь зөвхөн гадаад оролцогчид Монгол соёлтой танилцахад бус, харин тэд хурдан морь уях үйл явцад хэрхэн оролцож, өрсөлдөөнд ямар үр дүн гаргах вэ гэдэгт төвлөрөхөөр байна.

Морины уяа сойлгоо хэн хамгийн сайн тааруулах, хэний морь хурдлах, Монголын өв соёлыг гадаад оролцогчид хэрхэн мэдэрч хүлээн авах нь үзэгчдийн анхаарлыг татах гол хэсэг болох төлөвтэй байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу