Төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил хэд хэдэн байршилд үргэлжилж байна
Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц байгуулах төслийг нийт дөрвөн байршилд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Төслийн хүрээнд газар чөлөөлөлтөөс эхлээд гэрэлтүүлэг, дулаан, бохирын шугам сүлжээ шилжүүлэх, барилга угсралтын ажлыг үе шаттайгаар хийж байгаа юм.
Эдгээр ажлын нэг болох Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалт өндөр гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Тус байршил нь төслийн нэгдүгээр хэсэгт хамаарч байгаа бөгөөд явган зорчигч, дугуйтай иргэдийн аюулгүй зорчих орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарчээ.
90 метр урт явган хүний гүүрэн байгууламж барина
Таван шарын нүхэн гарцын дээгүүр 90 метр урттай явган хүний гүүрэн байгууламж барихаар төлөвлөсөн байна. Одоогоор уг гүүрийн шон суурийн ажил дуусаж, металл гүүрийн үндсэн хийцлэлийг бэлтгэх ажил хийгдэж байна.
Энэхүү гүүрэн гарц ашиглалтад орсноор явган зорчигчид төмөр замын хөдөлгөөнтэй огтлолцохгүйгээр аюулгүй зорчих боломж бүрдэх юм. Ингэснээр зам хөндлөн гарах үед үүсдэг эрсдэл буурч, тухайн хэсгийн хөдөлгөөний зохион байгуулалт илүү аюулгүй болно гэж үзэж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадуудад тохиромжтой байхаар төлөвлөжээ
Таван шарын явган хүний гүүрэн гарцыг зорчигч өгсөх, уруудахад огцом налуугүй байхаар хийхээр төлөвлөсөн байна. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнууд, хүүхдийн тэрэгтэй иргэд болон дугуйтай зорчигчдод илүү тохиромжтой, аюулгүй орчин бүрдүүлэх зорилготой юм.
Ингэснээр зөвхөн автомашины хөдөлгөөн бус, явган болон дугуйн хөдөлгөөний хүртээмжийг хамтад нь сайжруулах ач холбогдолтой гэж үзэж байна.
Таван шарын нүхэн гарцын ажил 96 хувийн гүйцэтгэлтэй байна
Таван шарын байршил дахь төмөр зам доогуурх авто замын нүхэн гарцын барилга угсралтын нийт ажил өнөөдрийн байдлаар 96 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Тус байршлын явган зорчигчийн зам болон дугуйн замын ажил бүрэн дуусжээ. Үлдсэн ажлуудыг үргэлжлүүлэн гүйцэтгэснээр уг нүхэн гарц ашиглалтад орох бэлтгэл шатандаа ойртож байна.
Геологийн төв лаборатори орчимд шинэ нүхэн гарц барина
Мөн Геологийн төв лабораторийн орчимд нүхэн гарц барих бүтээн байгуулалтын бэлтгэл хангагдаад байна. Төслийн хүрээнд 28 метр урт, 5 метр өндөр туннел бүхий нүхэн гарц барихаар төлөвлөжээ.
Үүнтэй хамт 1.48 км авто зам, явган хүний зам болон дугуйн замыг цогцоор нь байгуулах юм. Уг нүхэн гарц ашиглалтад орсноор хоногт ойролцоогоор 27.5 мянган тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх боломжтой гэж тооцоолсон байна.
“Гермес” худалдааны төвийн урд хэсгийн ажил 50 хувьтай үргэлжилж байна
Түүнчлэн “Гермес” худалдааны төвийн урд хэсэгт баригдаж буй нүхэн гарцын барилга угсралтын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус байршлын зураг төслийг магадлалаар батлуулсан бөгөөд төмөр замын доогуур нүхэн байгууламжийг түлхэж оруулах аргаар суурилуулах ажлыг дуусгажээ.
Одоо уг байршилд барилга угсралтын дараагийн ажлууд үргэлжилж байна. Дөрвөн байршилд хэрэгжиж буй төмөр зам доогуурх нүхэн гарцын төслүүд бүрэн дууссанаар нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, явган болон дугуйн зорчигчдын аюулгүй байдлыг сайжруулах хүлээлттэй байна.