Монгол Улсад улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт энэ жил өмнөхөөсөө эрт эхэлжээ. “ТОМУУГИЙН ЭСРЭГ ХАМТДАА” уриан дор зохион байгуулж буй вакцинжуулалтын ажлыг есдүгээр сарын 3-наас эхлүүлсэн бөгөөд томуугийн дэгдэлт эрчимжихээс өмнө эрсдэлт бүлгийн иргэдийг хамгаалах зорилготой байна.
Энэ жил томуугийн эсрэг вакцины нөөцийг нэмэгдүүлж, нийт 500 мянган хүн тунгаар дархлаажуулалт хийхээр төлөвлөжээ.
Хэн вакцинд үнэ төлбөргүй хамрагдах вэ?
Улирлын томуугийн вакциныг дараах зорилтот бүлгийн иргэдэд үнэ төлбөргүй хийж байна.
- 6 сартайгаас 6 нас хүртэлх хүүхэд
- Жирэмсэн эмэгтэй
- 65 болон түүнээс дээш насны ахмад настан
- Архаг хууч өвчтэй иргэд
Эдгээр бүлгийн хүмүүс томуугийн үед хүндрэх эрсдэл харьцангуй өндөр байдаг тул дархлаажуулалтад түлхүү хамруулах бодлого баримталж байна.
Хүүхдүүдийг вакцинд хамруулах нь эмнэлэгт хандах эрсдэлийг бууруулжээ
Судалгааны үр дүнгээр 1-5 насны хүүхдүүдийг улирлын томуугийн эсрэг вакцинд хамруулснаар томуугийн улмаас эмнэлгийн тусламж авах эрсдэл 75.2 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна.
Иймээс томуугийн дэгдэлтээс өмнө бага насны хүүхдүүдийг дархлаажуулах нь хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэж эрүүл мэндийн байгууллагууд үзэж байгаа юм.
Улс даяар 600 гаруй эрүүл мэндийн нэгж ажиллаж байна
Томуугийн эсрэг дархлаажуулалтын ажлыг улсын хэмжээнд өргөн хүрээнд зохион байгуулж байна.
Одоогоор 600 гаруй эрүүл мэндийн нэгжид 1300 гаруй эмч, мэргэжилтэн вакцинжуулалтын ажлыг хариуцан ажиллаж байгаа аж.
Иргэд вакцин хийлгэх цэгийн байршил болон ажиллах цагийн хуваарийг харьяа өрхийн эрүүл мэндийн төв, сум, тосгоны эрүүл мэндийн төв болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас авах боломжтой.
Энэ жил вакцинжуулалтыг өмнөх жилүүдээс эрт эхлүүлж, тунгийн тоог нэмэгдүүлсэн нь томуугийн улирал эхлэхээс өмнө эрсдэлт бүлгийн хүн амын дархлааг бүрдүүлэхэд чиглэж байна.
Намар болохоор л ханиад ихэсдэг юм, хийлгэсэн нь дээр байх оо
Хүүхдүүд болон настай хүмүүстээ заавал хийлгэх хэрэгтэй шүү