АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай хийж буй дайны хүрээнд Калифорни мужийн Лос-Анжелес болон Сан-Диего хотууд сүйрч болзошгүй талаар мэдэгдэл хийжээ.
“Би [Ираныг] асар том ялалтаар ялахыг хүсэж байна. Учир нь энэ нь бидний хийсэн бүх зүйл зөв байсныг батална. Дайны үед [барааны үнэ] бага зэрэг өсөх нь түр зуурын үзэгдэл гэдгийг санаарай. Дэлхий болон манай улсын аюулгүй байдлыг хангахын төлөө төлөх өчүүхэн үнэ” гэж Трамп Небраска мужид дэмжигчдийнхээ өмнө үг хэлэхдээ мэдэгджээ.
Тэрээр цааш нь:
“Тэд нэг хотыг устгаж магадгүй. Лос-Анжелесийг устгаг, Сан-Диегог устгаг. Энэ бол төлөх ёстой маш бага үнэ. Удахгүй бүх зүйл дуусна. Үнэндээ бараг дуусчихсан, магадгүй тэд жаахан сунжруулж болох юм. Гэхдээ ямар ч байсан удахгүй дуусна” гэж хэлсэн байна. Трамп энэ үгийнхээ утгыг дэлгэрүүлэн тайлбарлаагүй байна.
АНУ болон Израиль 2-р сарын 28-нд Ираны эсрэг дайн эхлүүлсэн. 6-р сард Вашингтон, Тегеран бүх фронтод, тэр дундаа Ливанд байлдааны ажиллагааг нэн даруй зогсоох тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ.
Гэвч 7-р сарын 8-нд шилжих шөнө АНУ Иранд дахин өргөн хүрээний цохилт өгч эхэлсэн бөгөөд үүний шалтгааныг Тегеран Ормузын хоолойтой холбоотой тохиролцооны нөхцөлийг зөрчсөнтэй холбон тайлбарласан байна.
Ормузын хоолойгоор дэлхийн нефтийн худалдааны ойролцоогоор 25%, шингэрүүлсэн байгалийн хийн худалдааны 20 орчим хувь дамжин өнгөрдөг.
Үүний дараа АНУ-ын засаг захиргаа Ираны эсрэг өргөн хүрээний цэргийн хүч хэрэглэхээ үндсэндээ зогсоож, эдийн засгийн хориг арга хэмжээний тусламжтайгаар дарамт шахалт үзүүлэх бодлогод шилжиж буйгаа илэрхийлжээ.