АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын удирдагч Ши Жиньпинийг Цагаан ордонд хүлээн авч, хоёр улсын харилцааны хамгийн маргаантай асуудлуудыг хамарсан дээд хэмжээний уулзалт хийжээ.
Уулзалт ёслол хүндэтгэл, албан ёсны арга хэмжээгээр өргөн хүрээнд зохион байгуулагдсан ч хиймэл оюун, худалдаа, Тайвань болон Ирантай холбоотой асуудлуудаар бодит томоохон ахиц гарсан шинж тэмдэг одоогоор тодорхой биш байна гэж эх сурвалж мэдээлжээ.
Хоёр улсын удирдагчид гэргий нарын хамт хүндэтгэлийн оройн зоогт оролцсон бөгөөд технологийн салбарын томоохон компаниудын удирдлагууд ч уригдсан байна. Энэ үеэр Цагаан ордны гадна Хонконгийн асуудлаар эсэргүүцэл илэрхийлсэн жагсагчид цугларчээ.
Оройн зоогийн үеэр Дональд Трамп:
“Бид хоёул өөр өөр тогтолцоог төлөөлдөг гэдгээ мэддэг хэдий ч хоёр орны ард түмний харилцаа үргэлжилсээр байгаа бөгөөд бид урьд өмнө хэзээ ч ийм сайн харилцаатай байгаагүй”
хэмээн мэдэгдсэн байна.
Харин Ши Жиньпин Трамптай “гүн гүнзгий агуулгатай, дэлгэрэнгүй яриа хэлэлцээ” хийж, олон асуудлаар “нэгдсэн ойлголтод хүрсэн” нь “Хятад, АНУ-ын харилцааг хөгжүүлэхэд стратегийн шинэ чиглэлийг” бий болгосон гэж хэлжээ.
Тэрээр:
“Хятад, АНУ хоёр хариуцлагатай том гүрнүүдийн хувьд үүрэг хариуцлагаа ухамсарлан ажиллах ёстой”
хэмээгээд “том гүрнүүд зэрэгцэн зохицон орших шинэ арга замыг эрэлхийлэх”-ийг уриалсан байна.
Тайванийн асуудал дахин гол сэдэв болов
Хоёр талын уулзалтын үеэр Ши Жиньпин “Тайванийн тусгаар тогтнол”-ыг эсэргүүцэхийг АНУ-д уриалсан талаар Хятадын төрийн мэдээллийн агентлаг мэдээлжээ.
Тайванийн асуудал нь АНУ, Хятадын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байна. Цагаан ордон тухайн уулзалтын талаар өөрийн дэлгэрэнгүй тайлбарыг эх сурвалжийн нийтлэл гарах үеэр хараахан нийтлээгүй байжээ.
Ши Жиньпин энэ удаагийн уулзалтаар Тайваньд зэвсэг нийлүүлэхээ зогсоох хүсэлтийг дахин тавих төлөвтэй байсан гэж мэдээлсэн байна.
Трамп тавдугаар сард Хятадад айлчилсныхаа дараа Тайваньд нийлүүлэхээр төлөвлөсөн 14 тэрбум орчим ам.долларын зэвсгийн багцыг түр хойшлуулж байгаагаа мэдэгдэж, үүнийг “яриа хэлэлцээний маш сайн хөзөр” гэж тодорхойлж байжээ.
Энэхүү шийдвэрийг АНУ-ын Азийн зарим холбоотон болон Бүгд найрамдах намын зарим гишүүн болгоомжилж хүлээн авсан гэж эх сурвалж дурдсан байна. Тэд эдийн засгийн хэлэлцээний хүрээнд Тайваньтай холбоотой Вашингтоны байр суурь өөрчлөгдөж болзошгүй гэж үзэж байжээ.
Хятад улс Тайванийг өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж үздэг бөгөөд арлыг хяналтдаа авахын тулд хүч хэрэглэх хувилбарыг үгүйсгэдэггүй. Харин Тайвань өөрийн засаг захиргаа, ардчилсан тогтолцоотойгоор тусдаа удирдлагатай хэвээр байна.
Трамп “нөхөрлөл”-өө онцолжээ
Дээд хэмжээний уулзалтын өмнөх угтах ёслолын үеэр Дональд Трамп хоёр орны бодлогын зөрчилдөөнийг гол сэдэв болгохоос илүү Ши Жиньпинтэй тогтоосон хувийн харилцаагаа онцолжээ.
Тэрээр тавдугаар сард Хятадад айлчилснаас хойш хоёр улс худалдааны чиглэлд ахиц гаргасан гэж мэдэгдсэн байна.
Мөн Трамп:
“Энэ удаагийн айлчлалын үеэр бид аюулгүй байдал, технологи болон “супер оюун ухаан”-тай холбоотой тулгамдсан асуудлуудыг мөн хэлэлцэнэ”
гэжээ.
Тэр хиймэл оюуны илүү өндөр түвшний хөгжлийг “супер оюун ухаан” гэж нэрлэн ярьсан байна.
Ши Жиньпин харин АНУ, Хятадын ашиг сонирхол олон чиглэлээр уялдаа холбоотой бөгөөд хоёр орны өрсөлдөөн “эрүүл” байх ёстой гэж мэдэгджээ.
Тэрээр АНУ-ын компаниудад Хятадын зах зээл нээлттэй хэвээр гэдгийг хэлэхийн зэрэгцээ:
“Хятадын компаниудад АНУ-д шударга хандана гэдэгт найдаж байна”
хэмээн онцолсон байна.
Мөн болзошгүй хямрал, үл ойлголцлоос сэргийлэхийн тулд хоёр улсын зэвсэгт хүчин тогтмол яриа хэлэлцээ хийх шаардлагатай гэж үзжээ.
Хоёр удирдагчийн өнгө аяс ялгаатай байсныг шинжээч анзаарчээ
Цагаан ордны Зүүн Азийн асуудал эрхэлсэн газрын албан тушаалтан асан, одоо Стратеги, олон улсын судалгааны төвд ажиллаж буй Эдгард Каган хоёр удирдагчийн илэрхийлсэн байр суурь өөр өөр стратегийг харуулсан гэж тайлбарласан байна.
Тэрээр:
“Ерөнхийлөгч энэ уулзалтад Ши Жиньпинтэй тогтоосон хувийн харилцаагаа голлон онцолж байна”
гэж хэлжээ.
Мөн:
“Миний анхаарлыг татсан зүйл бол Ши илүү болгоомжтой байр суурь илэрхийлж, энэ харилцаа хувийн түвшнийхээс илүүтэй хоёр улсын харилцааны асуудал гэдгийг онцолсон явдал байлаа”
хэмээн нэмж хэлсэн байна.
Ши Жиньпиний Вашингтонд хийж буй энэхүү айлчлал нь арав гаруй жилийн дараах анхны айлчлал бөгөөд энэ онд хоёр удирдагчийн хийж буй хоёр дахь уулзалт гэж эх сурвалж мэдээлжээ.
Худалдааны дайны түр завсарлага сунгагджээ
Уулзалтын өмнөх өдөр АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Хэ Лифэнтэй хэлэлцээ хийсэн байна.
Үүний дараа хоёр тал худалдааны маргаантай холбоотой түр тохиролцооны хугацааг нэгдүгээр сарын 10 хүртэл сунгахаар болсон гэж Бессент мэдэгджээ.
Энэ нь худалдааны салбарт тодорхой үр дүн гэж үзэж болох ч дээд хэмжээний уулзалтаас технологи, аюулгүй байдал, Тайвань зэрэг стратегийн томоохон асуудлаар шинэ гэрээ, тохиролцоо зарлагдаагүй байна.
AI-ийн асуудлаар байр суурь зөрүүтэй хэвээр
Дональд Трамп уулзалтын өмнө Truth Social-д хийсэн нийтлэлдээ “супер оюун ухаан” хэлэлцээний чухал сэдвүүдийн нэг болно гэж бичжээ.
Тэрээр:
“Супер оюун ухаан (SI) хэлэлцэх гол сэдвүүдийн нэг байх болно. Гэхдээ би үүнийг яг одоо байгаа хэвээр нь үлдээхийг хүсэж байна. Хятад улс ч мөн ийм байр суурьтай байна”
хэмээн бичсэн байна.
Харин Ши Жиньпин хоёр улс “хиймэл оюуны хөгжлийг үргэлж хүний хяналтад байлгах” ёстой гэж мэдэгджээ.
Хиймэл оюуны технологид АНУ, Хятадын өрсөлдөөн эрчимжиж байгаа нөхцөлд энэ салбарт илүү нарийвчилсан, бодит тохиролцоонд хүрэх боломж хязгаарлагдмал хэвээр байж болзошгүй гэж зарим ажиглагч дүгнэсэн байна.
Ийнхүү хоёр улсын удирдагчид харилцаагаа тогтвортой байлгах, худалдаа болон технологийн асуудлаар яриа хэлэлцээг үргэлжлүүлэх сонирхлоо илэрхийлсэн ч Тайвань, AI, аюулгүй байдал болон стратегийн өрсөлдөөний гол асуудлууд нээлттэй хэвээр үлджээ.