Бангладешийн нэгэн тосгоны фермерийн альбино одос үхэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг санагдуулам төрхөөрөө цахим орчин болон орон нутгийн иргэдийн дунд алдартай болжээ.
Энэ сарын сүүлээр болох Исламын шашны Ид аль-Адха буюу Тахил өргөх баярыг угтан нийслэл Дака хотын гадна малын зах ажиллаж эхэлсэн байна. Тэнд уг одос үхрийг харах, хамт зураг авахуулах гэсэн хүмүүсийн цуваа үүсжээ. https://x.com/NP__Oficial/status/2054912201605935118/video/1
Амьтны толгой дээр ургасан алтан шаргал үс, царайны төрх нь түүнийг Дональд Трамптай төстэй харагдуулж байгаа гэж хүмүүс ярьж байна.
Одос үхрийн эзэн Зиауддин Мридха:
“Миний дүү түүний толгой дээр ургасан үсийг анх хараад Дональд Трамп гэж нэрлэсэн. Энэ бол маш тайван амьтан. Альбино үхрүүд ерөнхийдөө их номхон байдаг”
хэмээн хэвлэлд ярьжээ.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр 700 кг жинтэй уг одос үхрийг килограмм тутамд нь 550 така буюу ойролцоогоор 4.5 ам.доллараар тооцон худалдсан байна. Үхрийг Ид аль-Адха баяраас өмнө шинэ эзэнд нь хүргэж өгөхөөр болжээ.
Исламын уламжлалаар Ид аль-Адха баярын үеэр зөнч Ибрахимын гүн сүсэг бишрэлийг хүндэтгэж, хонь, ямаа, үхэр зэрэг амьтнаар тахил өргөдөг. Энэ баярын өмнөхөн Бангладешт малын захууд идэвхжиж, онцгой төрхтэй амьтад олон нийтийн анхааралд өртөх нь цөөнгүй байдаг.