Тупак Шакурын аллагын хэрэг 30 жилийн дараа шийдэгдэв: “Keffe D” бүх насаар хоригдоно

Хип-хопын домог Тупак Шакурын амийг хөнөөсөн хэргийг зохион байгуулсан гэж шүүхээс гэм буруутайд тооцогдсон гэмт хэргийн бүлгийн толгойлогч асан Дуэйн “Keffe D” Дэвис бүх насаар хорих ял сонслоо.

Лас-Вегасын шүүх Мягмар гарагт 63 настай Дэвист бүх насаар нь хорих ял оноож, хамгийн багадаа 40 жил хоригдсоны дараа л өршөөл хүсэх боломжтой гэж шийдвэрлэсэн байна. Тэрээр наймдугаар сард санаатай хүн амины хэрэгт гэм буруутай нь тогтоогдсон бөгөөд 2023 онд баривчлагдаж байв.

Ингэснээр 1990-ээд оны хип-хопын түүхэн дэх хамгийн дуулиантай, олон арван жил шийдэгдээгүй хэргүүдийн нэг шүүхийн шийдвэрт хүрч байна.

1996 оны тэр шөнө юу болсон бэ

Тупак Шакур 1996 оны есдүгээр сарын 7-нд Лас-Вегаст хөгжмийн продюсер Мэрион “Suge” Найтын жолоодож явсан SUV автомашины зорчигчийн суудалд сууж байх үедээ буудуулсан юм.

Прокуроруудын үзсэнээр Дэвис тухайн өдөр MGM Grand казинод Шакур болон түүний багийнхан өөрийнх нь зээ дүүг зодсоны хариуд өшөө авах зорилгоор халдлагыг зохион байгуулжээ.

Уг зодоон нь Лос-Анжелес орчмын хоёр гэмт хэргийн бүлэглэлийн удаан үргэлжилсэн дайсагналтай холбоотой байв. Нэг талд Дэвисийн тэргүүлдэг байсан South Side Compton Crips, нөгөө талд Шакур, Найт болон Death Row Records-той холбоотой Mob Piru бүлэглэлийнхэн байжээ.

Тухайн орой хоёр талын хүмүүс Майк Тайсон, Брюс Селдон нарын хүнд жингийн дэлхийн аваргын тулааныг үзэхээр Лас-Вегаст ирсэн байсан аж.

Казиногийн зодооны дараа Дэвис өөрийн зээ хүү болон өөр хоёр хүний хамт цагаан Cadillac автомашинаар Шакур, Найт нарыг хайсан гэж мөрдөн байцаалтын материалд дурдсан байдаг.

Дэвис хожим өөр хэрэгтэй холбоотой байцаалтын үеэр машинд явсан хоёр хүнд буу дамжуулж өгсөн гэдгээ ярьсан бөгөөд прокурорууд энэ мэдүүлгийг гол нотлох баримтын нэг болгон ашиглажээ.

Cadillac машин Шакур, Найт нарын машинтай зэрэгцэж очих үед дотроос нь гал нээсэн байна. Шакур дөрвөн удаа буудуулж, зургаа хоногийн дараа эмнэлэгт 25 насандаа нас баржээ.

Харин Suge Knight толгойг нь шүргэсэн сумны хэлтэрхийнээс хөнгөн шархадсан байна. Тэр өдгөө өөр хэрэгт буюу санаатай хүн амины хэрэгт 28 жилийн хорих ял эдэлж байгаа аж.

Хэн гох дарсан нь одоо ч тодорхойгүй

Дэвисийг аллагыг зохион байгуулсан хэрэгт буруутай гэж шүүх тогтоосон ч яг хэн Тупак Шакур руу буудсан нь албан ёсоор эцэслэн тогтоогдоогүй хэвээр байна.

Гэсэн ч Невада мужийн хуулиар гэмт хэрэгт хамтран оролцсон хүнийг бууг өөрөө ашиглаагүй байсан ч хүн амины хэрэгт буруутгах боломжтой.

Эрх баригчид Дэвисийг олон жилийн турш сэжиглэж байсан ч түүнийг яллахад хүрэлцэхүйц нотлох баримт удаан хугацаанд байгаагүй аж.

Нөхцөл байдал харин Дэвис хэвлэлд ярилцлага өгч, өөрийн намтар дурсамждаа тухайн шөнийн талаар дэлгэрэнгүй бичсэнээр өөрчлөгджээ.

Түүний “Compton Street Legend” ном болон мөрдөн байцаагчидтай нууцаар хийсэн уулзалтын бичлэгүүд прокурорын хэргийн чухал хэсэг болсон байна.

Дэвис өөрийн номдоо Тупак Шакур болон түүний өрсөлдөгч реппер Кристофер Уоллес буюу Notorious B.I.G.-ийн аллагын аль алинд нь сэжиглэгдэж байсан тухайгаа дурдсан байдаг.

Notorious B.I.G. 1997 оны гуравдугаар сард Лос-Анжелест буудуулж амиа алдсан бөгөөд уг хэрэг өнөөдрийг хүртэл албан ёсоор тайлагдаагүй байна. Түүний үхлийг хэдхэн сарын өмнө болсон Шакурын аллагын хариу өшөө байсан байж магадгүй гэх таамаг олон жилийн турш яригдсаар ирсэн юм.

Тэр шөнө Дэвистэй хамт Cadillac автомашинд явсан бусад гурван хүн бүгд хожим нас барсан тул мөрдөн байцаалтад шууд мэдүүлэг өгөх гэрч үлдээгүй байна.

Дэвис шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэж, давж заалдахаар төлөвлөжээ.

Тупак Шакурын аллага 1990-ээд оны Америкийн хип-хоп соёл, ялангуяа Зүүн болон Баруун эргийн рэп урсгалын дайсагналын бэлгэ тэмдэг мэт олон жил яригдсан. Харин одоо уг хэргийг зохион байгуулсан гэж үзсэн этгээдэд ял оноосноор бараг 30 жил үргэлжилсэн шүүх, мөрдөн байцаалтын нэг томоохон үе шат хаагдаж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу