Монголд анх удаа 512 зүслэгт компьютер томограф суурилуулав
Монгол Улсад анх удаа хиймэл оюун ухаанд суурилсан Neusoft NeuViz Epoch 512 зүслэгт өндөр нарийвчлалтай компьютер томограф төхөөрөмжийг Улсын гуравдугаар төв эмнэлэгт суурилуулж, оношилгоонд ашиглаж эхэллээ.
Дүрс оношилгооны энэхүү дэвшилтэт төхөөрөмжийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд нэвтрүүлсэн бөгөөд энэ нь Монголын эрүүл мэндийн салбарт технологийн шинэ боломж нээж байна.
Шинэ аппаратын тусламжтайгаар иргэд өндөр түвшний оношилгоог эх орондоо хийлгэх боломж нэмэгдэх юм.
Өмнө нь цаг авдаг байсан шинжилгээ секундээр хэмжигдэнэ
Төхөөрөмжийг танилцуулах үеэр Улсын гуравдугаар төв эмнэлгийн Ерөнхий захирал Ц.Төмөр-Очир “Манай улсад ийм өндөр хүчин чадалтай аппарат анх удаа суурилагдаж байна. Өмнө нь 64 зүслэгт аппаратаар зүрхний титэм судасны шинжилгээ хийхэд 2-3 цаг зарцуулдаг байсан бол шинэ төхөөрөмжөөр ердөө хэдхэн секундэд хийх боломжтой боллоо. Энэ нь гадаад улсыг зорин оношилгоо хийлгэх шаардлагыг бууруулахад чухал хувь нэмэр оруулна” хэмээн онцоллоо.
Шинэ төхөөрөмж нь зүрхний дүрслэлийг дунджаар 0.259 секундэд гаргах хүчин чадалтай. Мөн бүтэн биеийн судасны шинжилгээг ойролцоогоор 5 секундэд хийх боломжтой гэж мэдээлэв.
Хиймэл оюун ухаан дүрсний чанарыг сайжруулна
512 зүслэгт томографын нэг гол давуу тал нь хиймэл оюун ухаанд суурилсан алгоритмууд юм.
Эдгээр алгоритм нь өвчтөний хөдөлгөөн, амьсгал зэргээс шалтгаалан үүсэх дүрсний алдагдлыг бууруулж, судас болон эрхтэн тогтолцооны бүтцийг илүү нарийн, тод харах боломж олгодог байна.
Ингэснээр зүрх судас, тархи мэдрэл, уушги болон бусад эрхтний эмгэг өөрчлөлтийг богино хугацаанд илүү өндөр нарийвчлалтай илрүүлэх боломж бүрдэж байна.
Компьютер томографын хүртээмж нэмэгдэнэ
ЭМЯ-ны Дүрс оношилгооны мэргэжлийн салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн, АУ-ны доктор Ц.Эрдэмбилэг: Ойролцоогоор 4 тэрбум төгрөгийн өртөгтэй, хамгийн сүүлийн үеийн энэхүү технологийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд нэвтрүүлж байна. Ингэснээр компьютер томографын шинжилгээний хүртээмж нэмэгдэж, иргэдийн хүлээлт багасахаас гадна гадаадад оношлуулах шаардлага, түүнтэй холбоотой зардал буурах боломж бүрдэнэ” гэв.
Түүний хэлснээр, өндөр өртөгтэй нарийн оношилгооны төхөөрөмжийг дотооддоо ашиглаж эхэлснээр иргэдийн цаг хугацаа, зардлыг бууруулах боломжтой болж байна.
Дүрс боловсруулах хугацаа эрс богиносжээ
Улсын гуравдугаар төв эмнэлгийн Дүрс оношилгооны лавлагаа төвийн эмч, АУ-ны доктор, дэд профессор Д.Дэлгэрцэцэг “Өмнө нь зүрхний компьютер томографын дүрслэлийг боловсруулахад хоёр цаг орчим зарцуулдаг байсан бол одоо 10 минутын дотор гаргаж байна. Шинжилгээ өөрөө 2-7 секундэд хийгддэг болсон. 2015 оноос хойш 64 зүслэгт төхөөрөмжөөр өдөрт дунджаар 5 хүнд шинжилгээ хийдэг байсан бол шинэ 512 зүслэгт аппаратаар өдөрт хамгийн багадаа 20, сардаа 500 гаруй хүнд үйлчилгээ үзүүлэх боломжтой боллоо” гэлээ.
Энэ нь оношилгооны төвийн ачааллыг бууруулж, илүү олон хүнд богино хугацаанд үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдүүлж байна.
Хүнд өвчтөнүүдэд үнэ төлбөргүй шинжилгээ хийхээр төлөвлөжээ
Улсын гуравдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүнд болон онош тодорхойгүй өвчтөнүүдэд уг төхөөрөмжөөр шинжилгээг үнэ төлбөргүй хийхээр төлөвлөсөн байна.
Ингэснээр нарийн оношилгоо шаардлагатай өвчтөнүүдэд шуурхай тусламж үзүүлэх, оношийг богино хугацаанд тодруулах боломж нэмэгдэх юм.
Олон улсад ашиглагддаг өндөр нягтаршилтай технологи
Neusoft NeuViz Epoch 512 зүслэгт компьютер томограф нь АНУ, Европын холбооны орнууд, Сингапур, Малайз, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнуудад ашиглагддаг дүрс оношилгооны дэвшилтэт технологийн нэг юм.
Дэлхийн зах зээл дээр уг төрлийн төхөөрөмжийн өртөг ойролцоогоор 2 сая ам.доллар байдаг гэж мэдээлжээ.
Монголын дүрс оношилгоо шинэ шатанд гарна
AI-д суурилсан 512 зүслэгт томограф ашиглалтад орсноор Монгол Улсын эрүүл мэндийн салбарт, ялангуяа дүрс оношилгооны чиглэлд томоохон ахиц гарч байна.
Иргэд гадаад улс руу зорьж оношилгоо хийлгэх шаардлага багасаж, дотооддоо богино хугацаанд, өндөр нарийвчлалтай шинжилгээ авах боломж нэмэгдэх юм.
Энэхүү төхөөрөмж нь зүрх судас, тархи мэдрэл, уушги болон бусад эрхтэн тогтолцооны эмгэгийг эрт илрүүлэх, оношлох үйлчилгээг илүү хүртээмжтэй болгох чухал алхам болж байна.