Улаанбаатарын ойролцоо 50 км идэвхтэй хагарал илэрч, газар хөдлөлтийн эрсдэлийг дахин анхааруулав

Нийслэлийн газар хөдлөлтийн нөхцөл байдлыг танилцуулжээ

Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн ээлжит хоёрдугаар хуралдаан өчигдөр зохион байгуулагдаж, Улаанбаатар хотын газар хөдлөлтийн эрсдэлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлэл танилцуулсан байна.

Тус хуралдаанаар нийслэл орчимд бүртгэгдэж буй газар хөдлөлтийн тоо, ажиглалтын станцуудын хүчин чадал, эрсдэлийг эрт илрүүлэх болон анхааруулах системийн өнөөгийн боломжийг авч хэлэлцжээ.

Монгол орны хэмжээнд газар хөдлөлт бүртгэх 130 станц ажиллаж байна

Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал Ч.Одонбаатарын танилцуулснаар, өнөөдрийн байдлаар Монгол Улсын 19 аймгийн нутаг дэвсгэрийн 68 байршилд газар хөдлөлт бүртгэх 130 станц ажиллаж байгаа аж.

Мөн хөрсний хурдатгал хэмжигч 34 станц, амжиж анхааруулах 12 системийн станц үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр төхөөрөмж нь газар хөдлөлтийн идэвхжил, хөрсний чичирхийлэл, болзошгүй эрсдэлийн мэдээллийг бүртгэхэд чухал үүрэгтэй гэж үзэж байна.

Улаанбаатар орчимд 25 жилийн хугацаанд 19 мянган газар хөдлөлт бүртгэгджээ

Улаанбаатар хотын ойролцоох бүсэд 2000-2025 оны хооронд нийт 19,000 газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Харин 2026 он гарснаас хойш нийслэл орчмын бүс нутагт нийт 165 газар хөдлөлт болсон бөгөөд эдгээрээс хамгийн хүчтэй нь 3.5 магнитудтай байжээ.

Энэ үзүүлэлт нь нийслэл орчимд газар хөдлөлтийн идэвхжил тогтмол бүртгэгдсээр байгааг харуулж байгаа бөгөөд цаашид ажиглалт, судалгааг илүү нарийвчлах шаардлагатайг мэргэжилтнүүд онцолж байна.

Хотын зүүн урд талд 50 километр идэвхтэй хагарал илэрсэн байна

ОБЕГ болон Японы “Жайка” байгууллага хамтран 2017 оноос хэрэгжүүлсэн “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд Монгол Улсад ажилласан Японы эрдэмтэн Улаанбаатар хотын зүүн урд хэсэгт газар хөдлөлтийн идэвхтэй 50 километр урт хагарал илрүүлжээ.

Одоогоор нийслэл орчмын бүсэд уг хагарлын шууд нөлөө мэдрэгдээгүй байгаа ч түүнийг илүү нарийвчлан судлах шаардлагатай гэж үзсэн байна. Энэ нь Улаанбаатар хотын газар хөдлөлтийн эрсдэлийн үнэлгээнд анхаарах шинэ хүчин зүйл болж байна.

Газар хөдлөлтийн мэдээллийг гурван үе шаттай дамжуулдаг

Газар хөдлөлттэй холбоотой мэдээллийг Одон орон, геофизикийн хүрээлэнгээс ОБЕГ-ын гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв рүү шуурхай дамжуулах тогтолцоо бүрдсэн байна.

Энэхүү мэдээлэл гурван үе шаттайгаар дамждаг бөгөөд иргэд “EQ info” аппликэйшн ашиглан газар хөдлөлтийн талаарх мэдээллийг шуурхай авах, мөн тухайн байршлынхаа чичирхийллийн түвшинг үнэлэх боломжтой аж.

Нийслэлд хүчтэй чичирхийлэл мэдрэх станцын тоог нэмэгдүүлэх шаардлагатай

Улаанбаатар хотод одоогоор 3.5 магнитудаас хүчтэй газар хөдлөлтийн чичирхийллийг мэдрэх дөрвөн станц ажиллаж байгаа юм байна. Гэвч энэ тоо нийслэлийн эрсдэлийг бүрэн хэмжээнд хянахад хангалтгүй гэж үзэж байна.

Ч.Одонбаатар энэ талаар “Одоогоор Улаанбаатарт 3.5 магнитудаас хүчтэй газар хөдлөлтийг мэдрэх 4 станц ажиллаж байна. Цаашид хөрсний хурдатгал бичигч энэхүү станцыг 10 болгох шаардлагатай” гэж хэлжээ.

10 станцын хөрөнгийг төсөвт тусгах нь зүйтэй гэж шийдвэрлэв

Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлөөс Ч.Одонбаатар захирлын танилцуулсан саналтай холбогдуулан хөрсний хурдатгал бичигч станцын тоог нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.

Ингэснээр Улаанбаатар хотод ажиллах станцын тоог 10 болгоход шаардлагатай хөрөнгийг төсөвт суулгах нь зүйтэй гэж шийдвэрлэжээ. Энэ нь нийслэлийн газар хөдлөлтийн эрсдэлийг эрт илрүүлэх, мэдээллийг шуурхай дамжуулах, болзошгүй гамшгийн үед хариу арга хэмжээг сайжруулахад чиглэсэн алхам болж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу