Увсын Завхан суманд 4.8 магнитудын газар хөдлөлт бүртгэгдлээ

Чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн ч хохирол мэдээлэгдээгүй байна

Увс аймгийн Завхан сумын нутагт өнөөдөр 07:30:38 цагт 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Газар хөдлөлтийн голомт нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын төвөөс баруун урд зүгт 50 км, Завхан сумын төвөөс зүүн хойд зүгт 55 км, Хяргас сумын төвөөс урд зүгт 58 км-ийн зайд байрлажээ.

Одоогоор газар хөдлөлтийн улмаас хүн ам, аж ахуйн нэгж, байгууллагад хохирол учирсан гэх мэдээлэл ирээгүй байна. Харин тухайн бүс нутгийн малчид, иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн гэж мэдээлжээ.

Өнгөрсөн долоо хоногт газар хөдлөлт хэд хэдэн удаа давтагджээ

Мөн өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Тува улс болон Ховд аймгийн Зэрэг, Мөст, Дарви сумын нутагт газар хөдлөлт гурван удаа давтан бүртгэгдсэн байна.

Эдгээр газар хөдлөлтийн улмаас Малчин сумын нутаг дахь Улаанбулаг орчимд хадан нуранги үүсжээ. Тодруулбал, ойролцоогоор нэг тонн гаруй жинтэй, хоёр метр орчим өндөр хад уулаас ховхорч, 100 орчим метрийн зайд өнхөрч тогтсон байдалтай байгаа аж.

Газар хөдлөлтийн хүчийг үндсэндээ хоёр үзүүлэлтээр хэмждэг. Магнитуд нь газрын гүнд, газар хөдлөлт үүсэж буй төв хэсгийн хүчийг илэрхийлдэг бол газрын хөрсөн дээр хүн, барилга байгууламжид хэрхэн мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг.

Энэ шаталбар нь 12 хүртэл байдаг. Ерөнхийдөө гурваас доош магнитудын газар хөдлөлт хүмүүст онцгой мэдрэгдэх нь бага байдаг бол долоогоос дээш магнитудтай газар хөдлөлт томоохон талбай хамарсан сүйрэл үүсгэх эрсдэлтэй гэж үздэг.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу