Винсент ван Гогийн хэдэн арван жилийн турш олон нийтэд бараг үзэгдээгүй нэгэн ховор бүтээл удахгүй Нью-Йоркт дуудлага худалдаанд гарахаар болжээ. “Châtaigniers en fleurs” буюу “Цэцэглэж буй туулайн бөөр модод” нэртэй уг зургийг Хонконгт түр дэлгэн харуулах үеэр үзэх хүсэлтэй хүмүүс урт дараалал үүсгэсэн байна.
Зохион байгуулагчдын урьдчилсан үнэлгээгээр энэ бүтээл 180 сая ам.доллар хүртэл үнэ хүрч болзошгүй бөгөөд хэрэв ийм хэмжээнд зарагдвал Ван Гогийн дуудлага худалдааны түүхэнд шинэ дээд амжилт тогтоох боломжтой.
Дэлхийн эдийн засгийн нөхцөл тогтворгүй хэвээр байгаа ч урлагийн зах зээлд онцгой түүхтэй, дахин давтагдашгүй бүтээлүүдийн эрэлт өндөр хэвээр байна. Тиймээс ирэх сарын 18-нд болох худалдаа нь зөвхөн Ван Гогийн бүтээл сонирхогчдын төдийгүй музей, хөрөнгө оруулагч, томоохон цуглуулагчдын анхаарлын төвд ороод байна.
Амьдралынхаа төгсгөлд зурсан онцгой бүтээл
“Цэцэглэж буй туулайн бөөр модод” зургийг Ван Гог 1890 оны тавдугаар сард Францын Овер-сюр-Уаз тосгонд байхдаа зуржээ.
Тэр үед зураач Сен-Реми-де-Прованс дахь сэтгэцийн эмнэлгээс гарч, амьдралынхаа сүүлчийн саруудыг Овер-сюр-Уазд өнгөрүүлж байсан юм.
Харин уг бүтээлийг зурсан цагаас ердөө хоёр сарын дараа буюу 1890 оны долоодугаар сард Ван Гог 37 насандаа таалал төгссөн билээ.
Зурагт цэцэглэж буй том туулайн бөөр моднууд, саглагар мөчир, зам, байшин, хүмүүсийг тод өнгө, эрчимтэй бийрийн хөдөлгөөнөөр дүрсэлсэн байдаг. Энэ бүтээл нь Ван Гогийн амьдралын сүүлчийн үеийн өнгөний зоримог хэрэглээ, хөдөлгөөн, байгалийг мэдэрсэн хүчтэй илэрхийллийг харуулдаг гэж мэргэжилтнүүд үнэлж байна.
Нью-Йорк дахь “Sotheby’s” дуудлага худалдааны ордны орчин үеийн болон контемпорари урлагийн газрын мэргэжилтэн Скотт Ничел:
“Энэхүү бүтээл нь зураачийн ер бусын өөдрөг үзэл, оргилуун эрч хүч, урам зориг, хүсэл тэмүүлэл, өнгө будгийн баялаг илэрхийллээрээ түүний уран бүтээлийн онцгой үеийг харуулдаг”
гэж онцолжээ.
Түүний хэлснээр Ван Гогийн энэ бүтээл өмнө нь дуудлага худалдаагаар зарагдсан зургуудаас хамгийн өндөр үнэд хүрэх боломжтой байна.
Олон нийт 60 гаруй жил бараг хараагүй
Бүтээл олон арван жилийн турш хувийн цуглуулгад хадгалагдаж, нийтэд дэлгэн үзүүлээгүй нь сонирхлыг улам нэмэгдүүлжээ.
Хонконгт уг зургийг үзэхээр олон хүн ирсний дотор Шэньжэнь хотоос зориуд зорьж очсон сонирхогчид ч байсан байна.
50 настай урлаг сонирхогч Ли Шаньшань:
“Би энэ зургийн талаар өмнө нь огт сонсож байгаагүй учраас өөрийн нүдээр үзэхээр ирсэн”
гэж ярьжээ.
Тэрээр бүтээлийг үзэхийн тулд хоёр цаг хагас орчим зам туулсан байна.
“Цэцэглэж буй туулайн бөөр модод” нь ганцаараа худалдаанд гарахгүй бөгөөд олон жилийн турш олны хүртээл болоогүй нийт 12 бүтээлтэй хамт дуудлага худалдаанд орох юм. Тус цуглуулгад Поль Сезанн, Клод Моне зэрэг дэлхийн нэртэй зураачдын бүтээлүүд багтжээ.
Ван Гог нас барсны дараа уг зураг түүний дүү Теогийн эзэмшилд шилжсэн байна. Дараа нь Теогийн бэлэвсэн эхнэр Йоханна ван Гог-Бонгер, улмаар тэдний хүү Винсент Виллем ван Гогт өвлөгдөн үлджээ.
Ийнхүү нэгэн цагт Ван Гогийн гэр бүлийн дотор хадгалагдаж байсан, дараа нь олон арван жилийн турш олны нүднээс хол байсан бүтээл урлагийн зах зээлд дахин гарч ирж байна. Одоо гол асуулт нь 180 сая ам.долларын үнэлгээнд хүрэх эсэх, мөн Ван Гогийн бүтээлийн шинэ дээд амжилт тогтоох эсэх болжээ.